Шууд Chart

Хан-Уул “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна

2020-05-15 18:02:37

"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын дарга нар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийг удирдан ажилладаг. Энэ салбар зөвлөлийн гол зорилго нь орон нутгийн онцлогоос хамаарсан гэмт хэрэг зөрчлийг бууруулахад чиглэдэг билээ. Улсын хэмжээнд, цар тахлын хорио цээртэй холбоотойгоор гэмт хэргийн тоо буурсан ч зарим дүүрэг, орон нутагт онцгой, эмнэлэг, цагдаагийн алба хаагчид илүү ачаалалтай, уртасгасан цагаар ажиллаж байна. 



Тухайлбал, тусгай чиглэлийн онгоцоор ирсэн гадна, дотны иргэдийн дийлэнхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хөл хорионы бүсэд байршуулж байна. Мөн иргэдийн архины хэрэглээг багасгах, архигүй орчныг бий болгох, архи, согтууруулах ундааг хэрэглэх шалтгаан нөхцөлийг хумих хүрээнд эхлүүлсэн “Архигүй айл” аяны ажлууд үргэлжилж байна. Ингэснээр архинаас хамааралтай гэмт хэргийн тоо 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ. ХУД-ийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, ХУД дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, архины эсрэг аяны хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлууд болон гарсан үр дүнгийн талаар ярилцсан юм.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн:



-Дүүргийн ИТХ-ын дэргэд ажилладаг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2019 оны 11 сард “Архигүй айл” аяныг эхлүүлсэн. Энэ ажлаа бид хэсэг хугацааны аян болгоод өнгөрүүлэх биш цагдаа, хуулийн байгууллагуудаас санал авсаны үндсэн дээр цаашид тогтмол үргэлжлүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Улмаар 2020 оныхоо төлөвлөгөөнд тусгаад үе шаттай олон ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын гол зорилго Хан-уул дүүрэгт архигүй орчин, цаашлаад архигүй нийгмийг бүрдүүлэхэд оршино. Одоогоор иргэдийн ухамсарт нөлөөлөх, айл гэр, ахуйн нөхцөлд байгаа архийг багасгах, амьдралын баярт үйл явдлууд, тэмдэглэлт өдрүүдийг архигүй тэмдэглэх уриалга, сурталчилгааг дүүргийнхээ бүх хүнд хүргээд байна.

Яаж архигүй орчинг бүтээх вэ гэдэг дээр бид энгийн хэд хэдэн аргачлалыг гаргасан. Архигүй орчин таны гэр бүл, хамаатан садан, таны хамт олон, найз нөхдөөс эхлэлтэй. Жишээ нь, гэр орныхоо хамгийн хүндтэй хойморьт архийг хадгалах, амжилттай яваа хэн нэгнийг архиар дайлж цайлдаг асуудал, гавьяа шагнал хүртсэн нэгэндээ архийг бэлэг болгон өгөх, төрсөн өдөр, уулзалт цуглааныг архитай тэмдэглэхийг тэвчих, эдгээр тохиолдолд архийг хэрэглэхгүй байх нөлөөллийн ажлуудыг хийж байна.

Нөгөөтэйгүүр, архидан согтуурах орчинг багасгах бодлого нэн чухал. Архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэх цагийг багасгахаас эхлээд, хэв журам зөрчиж, иргэдийн тав тухыг алдагдуулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авч байна. Энэ ажлыг хөл хорио тавигдсан ч үргэлжлүүлээд явах бодолтой байна. Архидан согтуурахтай тэмцэх ажил зөвхөн архины хамааралтай зорилтот бүлэгт чиглэх биш хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэвшил, хандлагыг өөрчлөх, ухамсарын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

ХУД-ийн хэмжээнд “Архигүй орчинг бүтээцгээе” гэдэг утга агуулга бүхий сурталчилгааг бид бүх боломжит газруудаар байршуулж, хэвлэл мэдээллээр түгээсэн. Үүнд цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслүүд, дүүргийн томоохон дэлгэц, бүх албан байгууллага зэргээс гадна иргэдийн амьдарч буй орон байрны цахилгаан шат, орц, нийтийн эзэмшлийн газрууд орж байна. Эдгээрийг өнгөрсөн хагас жил гарны хугацаанд хэрэгжүүлсэнээр хэд хэдэн эерэг үзүүлэлт гарсан. Нэгдүгээрт, байнга өсөн нэмэгдэж байсан гэмт хэргийн гаралт буурсан. Хоёрт, иргэдийн амьдралын хэвшил, хэрэглээнд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Үйлчилгээний газруудын соёл, төлөвшил дээшилсэн. Цаашдаа бидэнд архидан согтуурахын эсрэг үйл ажиллагаа, үр дүнгээрээ жишиг болоод явах бүрэн боломж байгаа.

ХУД дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:



-Хан-Уул дүүрэг бол нийслэлийн эдийн засгийн томоохон бүс... Үүнийгээ дагаад хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 оныг яг өмнөх онтой нь харьцуулбал нэг жилийн дотор Хан-Уул дүүргийн хүн ам 20 гаруй мянгаар өссөн. Хүн амын өсөлт дагасан эерэг, сөрөг үзэгдлүүд ч нэмэгдэж байгаа. Энэ дунд гэмт хэргийн гаралтыг бууруулах, архидан согтуурахын эсрэг үйл ажиллагааг Дүүргийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг төлөвлөгөө, зорилт тавьж, алба хаагчдыг бүх талаар дэмжин ажиллаж байгаа нь бидний ажилд ихээхэн дэм болж байна.

Архины эсрэг аяны хүрээнд хийсэн ажлууд, цар тахлын хөл хориотой холбоотой дэг журам сайжирсанаар энэ оны эхний улиралд гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос 160-аар буурсан. Энэ дотроо, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэхэд 35-аар буураад байна. Нэг, хоёроор ч гэмт хэргийн тоо буурах маш том үр дүн байдаг. Учир нь гэмт хэрэг болгоны ард тодорхой хэмжээний хохирол бий. Ер нь дүүргийн хэмжээнд нийт гэмт хэргийн 23 хувь нь согтуугаар үйлдэгдсэн статистик бий. Тэхээр архидан согтуурлыг багасгасанаар энэ хэмжээний гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулж байна гэсэн үг. Мөн архины хамааралтай гэмт хэрэг, зөрчил дунд насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн тохиолдол тодорхой хувь хэмжээг эзэлж буйг анхаарах цаг болсон.

Хөл хорионы дэглэмтэй энэ үед архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд эрт хааж байгаа. Үүнтэй холбоотой орон гэр, ахуйн хүрээнд архидан согтуурах байдал нэмэгдэх хандлага байна. Мөн үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэлийн шинж хэлбэрүүд ажиглагдаж байна. Энэ хандлага дэлхий нийтэд түгээмэл болж буйг ОУ-ын байгууллага анхааруулсан.

Нөгөө нэг асуудал нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нисэх онгоцны буудал, зарим төмөр зам, ачаа тээврийн зангилаа, цахилгаан станцууд, шугам сүлжээ, үйлдвэржилт гээд нийслэл хотын гол обьектууд оршиж байна. Тиймээс хөл хориотой энэ үед төрийн албан хаагчид илүү ачаалалтай ажиллаж байна. Тухайлбал, Гадаадаас Монгол улс иргэдээ татах тохиолдол болгонд ХУД-ийн Цагдаагийн алба, Дотоодын цэргийн нэмэлт туслалцаатай ямар нэг хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна. Хяналт, хамгаалалт, зохицуулалт, бүх шатны онцгой комиссоос өгч байгаа шийдвэрүүдийг биелүүлэх гээд цагдаагийн алба хаагчид нэлээд өндөр ачаалалтай ажилладаг. УОК Хан-Уул дүүргийн баруун урд, баруун хойд талын хөдөөрхөг бүс дэх амралт сувилалын газруудаа түшиглээд гаднаас ирсэн нийт хөл хорионд байгаа иргэдийг байршуулж байна. Одоогоор таван бүсд манай алба хаагчид хөл хорио, хяналт тогтоон үүрэг гүйцэтгэж байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хан-Уул “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна   
Үзсэн: 2421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй