Шууд Chart

Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

2020-06-29 13:58:18

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэн, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа” хэмээн тэмдэглэв.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу тойрог тус бүрээр гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон СЕХ-ны тогтоолыг гардуулан өглөө. Ийнхүү 76 шинэ гишүүн үнэмлэхээ гардан авсны дараа Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг  Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.


Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй