
Анхдугаар чуулганы өнөөдрийн /2020.07.01/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй.
Улсын Их Хурал Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн найман Байнгын хороотой байхаар хуульд заасан.
Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзахаар заасан.
Энэ үндсэн дээр боловсруулсан Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр тогтоолын төслийг батлагдсанд тооцов. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.
УИХ-ын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.