Шууд Chart

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах саналыг дэмжлээ

2020-07-09 14:28:07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.09) нэгдсэн хуралдааны үеэр хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх,  гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болохоор шинэчлэн зохицуулсан.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл тус бүрийн талаар асуулт, санал байгаа эсэхийг тодруулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гарсангүй.

Ингээд Байнгын хороооны хуралдаанд оролцсон гишүүдээс хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу хуралдаан даргалагч хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Тиймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтлоо.


УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах саналыг дэмжлээ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй