Шууд Chart

“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2020-08-18 17:10:07

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.18) хуралдаан 11 цаг 48 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр хүрэлцэн ирсэн гишүүн; хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл; хуралдаан тасалсан гишүүн гэсэн дарааллаар танилцуулахаар хуульчилсны дагуу Байнгын хорооны дарга Б.Жавхлан ирцийг танилцуулсан.

Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.10, 8.10.2, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан Үндэсний Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Төсвийн байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар танилцууллаа.

Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн талаар: Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 164 тайлан нэгтгэгдсэнээс 119 байгууллагад санал, дүгнэлт гаргаж, 41 байгууллагад аудитын түүвэрт хамрагдан, 4 байгууллагад итгэл үзүүлжээ. Санал, дүгнэлт гаргасан 119 байгууллагаас 103 байгууллагад зөрчилгүй, 8 байгууллагад хязгаарлалттай, төсөл хөтөлбөрийн 8 нэгжид аудит хийжээ. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 705.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 225.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 131.1 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 185.6 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 176 зөвлөмж өгсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд дараах асуудлуудад зөвлөмжийг хүргүүлсэн байна. Санхүүгийн тайлагналтай холбоотой: Санхүүгийн нэгтгэсэн тайланд урт хугацаатай хөрөнгө оруулалт 46 тэрбум, төрийн өмч 6.5 тэрбум, хуримтлагдсан үр дүн 39.5 тэрбум төгрөгийн дүнтэй 8 данс нэгтгэгдсэн ба эдгээр дансны хөрөнгийн дүн шат шатны төсөв захирагчийн санхүүгийн тайланд нэгтгэгдэхгүй, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд шууд нэгтгэгдэж байна гэлээ.  Харъяа төрийн өмчийн хувьцаат компаниуд болон бусад оруулсан хөрөнгө оруулалтыг харъяалах төсөв захирагчийн санхүүгийн тайланд тайлагнаж, баталгаажуулж байх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэлээ. Дамжуулан зээлтэй холбоотой: гадаад зээлээс дамжуулан зээлдүүлсэн 4 төсөл арга хэмжээний 102.1 тэрбум төгрөгийг эдийн засгийн ангилалд зөрүүлэн дотоод зээлийн эргэж төлөгдөх зээлийн эдийн засгийн ангилалд тайлагнасан нь нийт эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх 11 төсөл арга хэмжээний санхүүжилт, гүйцэтгэлээр 239.9 тэрбум төгрөг байгаа ба батлагдсан төсвөөс 118.9 тэрбум төгрөгөөр хэтэрсэн. Зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээлийн эх үүсвэрээс Зээлийн батлан даалтын санд дамжуулан зээлдүүлсэн 58.6 сая ам.долларын гэрээг төгрөгөөр байгуулж, 6.3 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний алдагдал хүлээжээ. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг мөрдөж ажиллах, дамжуулах зээлийн гэрээг тухай зээлийн нөхцөлтэй уялдуулан, төсөвт аливаа төлбөрийн нэмэлт дарамт учруулахгүй байх зарчмыг баримтлан байгуулах нь зүйтэй гэв.

Төсөл хөтөлбөрийн нэгжтэй холбоотойгоор, дууссан төслийн 146.5 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн өглөг, 179.8 тэрбум төгрөгийн нийт хөрөнгийн дүнтэй үйл ажиллагаа, чиг үүргийг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээгүй, статус нь нарийн тодорхойлогдоогүй 2 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна. Үүнээс 15.9 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн өглөг, авлагын тооцоо нийлсэн акттай 5.1 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа гэв. “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэгч нэгж нь анхан шатны баримтын бүрдэл дутуу, үндсэн хөрөнгө, бараа материалыг бараа үйлчилгээний зардлаас бэлтгэж зориулалт бус зардал гаргасан байна. Дууссан төслийн хаалтын санхүүгийн тайлан гарган, хөрөнгө эх үүсвэрийг хууль журмын дагуу шилжүүлж ажиллаж байх, төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр дүнг тайлагнаж байх шаардлагатай гэв.

Харъяа газруудад дараах алдаа зөрчил илэрсэн болохыг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулсан. Тухайлбал, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 7 төсөл хөтөлбөр, нэгж, Татварын ерөнхий газрын харъяа Багахангай дүүргийн татварын хэлтсийн 2019 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Харъяа байгууллагуудын санхүүгийг аудитаар нийт 161.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 105.9 тэрбум төгрөгийн 83 алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 54.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 173 зөвлөмжийг өгсөн гэлээ. Харъяа байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн дамжуулан зээлийн авлага, өр төлбөрийг санхүүгийн тайланд бүртгэх, тооцоо нийлж баталгаажуулах, барагдуулах, төслийн нэгжүүдийн зарцуулалт, бүртгэл тайлагналыг сайжруулах, санхүүгийн бодлогоор хангаж ажиллах үр дүнг дүгнэж байх шаардлагатай гэдгийг дүгнэлтэд дурджээ.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа нар асуулт асууж, Сангийн сайд болон Үндэсний Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тодруулга мэдээлэл авлаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар аудитын байгууллагын зөвлөмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэх харах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Аудитаар илэрсэн алдаа, дутагдалтай асуудлуудыг хугацаа алдалгүй шийдвэрлэх гарцыг Сангийн яам тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд шийдэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь төсвийн мөнгө биш учраас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, эм эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хуулийн дагуу зарцуулах, бялдаржуулах танхимуудад олгохоор төсөвлөсөн хөрөнгийг зарцуулах чиглэлд ажиллах шаардлагыг С.Одонтуяа гишүүн дэлгэрэнгүй тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Үндэсний Аудитын газар төрийн албаны бүх шатыг хамарч ажилладаг, гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянадаг байх, төрийн албыг чадавхжуулах шаардлагын талаар санал хэлсэн. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг сайтар хянах нь 2020 оны төсвийн тодотголтой холбоотой шийдвэр гаргахад чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар хэлж, тодорхой нэгжийн зардлын задаргааны талаарх мэдээллийг хүссэн. Мөн тэрбээр гадаад хөрөнгө оруулалтын Монгол Улс дахь эдийн засгийн үр өгөөж, татварын мэдээлэл, арилжааны банкуудын үйл ажиллагааны үр өгөөжийн талаар анхаарах шаардлагын талаар хэлж, холбогдох мэдээллийг хүссэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан зөвлөмж, дүгнэлтээ бодитой гаргах тал дээр Үндэсний Аудитын газар анхаарах саналыг хэллээ. Ингээд “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.


“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй