Шууд Chart

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020-08-25 18:08:30

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаан 15 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх асуудлаа баталлаа.

Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр технологийн 10 паркийг байгуулахаар төсөлд тусгасан байна. Аль бүс нутгуудад байгуулах вэ гэсэн асуултад  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариулт өглөө.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганибал, Н.Наранбаатар, нар санал хэлэв. Ж.Ганибал хөдөө аж ахуйн салбарын нэг номерийн тулгамдсан асуудал болсон бэлчээрийн доройтлоос болж баруун бүсээс зүүн бүс рүү мал оруулахаар болж байна. Гэтэл зүүн бүс малын халдварт өвчний эрсдэлтэй. Энэ асуудлаас болж малын өвчин хавтгайдаа гарах том аюул нүүрлэнэ. Баруун бүсийг эрүүл бүс нутаг болгох зорилтдоо хүрч чадахгүй. Энэ бүх асуудлыг зохицуулах бэлчээрийн тухай бие даасан хууль гаргахыг Үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хоёуланд нь оруулж өгмөөр байна гэсэн санал хэлсэн бол Н.Наранбаатар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгуудад Өмнөговь аймгийг нэмж оруулах санал гаргалаа.

Үргэлжлүүлэн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлэв. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт 50 МВт-ын дулааны цахилгаан станц нэмж барих, Дархан Сэлэнгийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхээр тусгах, Г.Мөнхцэцэг  Үндсэн чиглэлийн 8.1.3 дахь хэсгийн Тээврийн үйлчилгээг хөгжүүлэх гэсний дараа авто замын сүлжээг хөгжүүлэх гэж нэмж тусган өөрчлөн найруулах, Чойр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн авто зам шинээр барьж байгуулахаар  нэмж оруулах, Н.Наранбаатар Даланзадгад суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барихаар тусгах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, саналыг дэмжье гэсэн томъёоллоор тус тус санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Санал хураалт явуулж дууссанаар уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газраа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж байгаа холбогдуулан асуулт асууж, үг хэлэх, санал хэлэх шаардлагагүй гишүүд үзсэн учир үргэлжлүүлэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Гишүүн Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Г.Ганболд нар зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн гаргасан …байгалийн баялгийг зүй зохистой ашиглах гэсний өмнө байгаль орчныг хамгаалж, баялгийг нь зүй зохистой ашиглах гэж өөрчлөн найруулах санал гаргасныг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.  


“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй