
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021- 2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төслийн талаар УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав. Гол нэрийн экспортын бүтээгдэхүүний хэмжээг ирэх онд хэрхэн төсөөлсөн талаарх асуултад Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгсөн юм. Экспортын уналттай холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 426 тэрбум төгрөгөөр тасарсан, цар тахлын нөлөөллийн улмаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 388 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байгаа тул төсвийн тодотголын төсөлд өдөрт 2000 автомашин нүүрс экспортолно хэмээн төлөвлөж, тусгасан гэв. Экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч, холбогдох яамд санаачилгатай ажиллаж байгаа талаарх мэдээллийг гишүүдэд өгсөн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын санал гарч, энэ дагуу санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ | ||
Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.