
УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн нэгдэн “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх чухал асуудлын нэг. Аймгуудад 7-9 хувиар бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс бэлчээрийн нөөцийн менежментийг сайжруулах холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх, газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх асуудлын хүрээнд хууль санаачилж, идэвхтэй ажиллана.
Манай улсын жилийн экспортын 8.7 хувийг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа учраас Засгийн газартай нягт хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа, экспортыг нэмэгдүүлсэн, эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүгийн боломжит бүх нөхцөлийг ашиглан нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг гишүүдийн санаачилгаар оруулж чадсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг харалгүйгээр бусад эх үүсвэрээс санхүүжилт босгож хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломж бүрдсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.

Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Адьшаа, С.Амарсайхан, А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, П.Анужин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Туваан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Г.Ганболд, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар орохоо илэрхийлж, гарын үсэг зуржээ.
Лобби бүлгийн гишүүн өнгөрөгч мягмар гарагт (2020.08.25) түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэлийн үйлдвэр болон Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилготой лобби бүлэг байгуулагдлаа | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.