Шууд Chart

Бага оврын 10 усан цахилгаан станц барих зорилт тавьж байна

2020-08-29 16:34:13

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл амралтын энэ өдөр сайдын зөвлөлийг хуралдуулж манай улсын тулгамдсан чухал асуудлын нэг усны нөөц, усан цахилгаан станцын асуудлаар хэлэлцлээ. Хуралд БОАЖЯ-ны удирдлагууд, усны салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.

Сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны нөөцийн хуваарилалт жигд бус байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Нэг талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулааралд хэрхэн зохицож даван туулах, нөгөө талаас усны нөөцөө хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал хурцаар тавигдах болсон. Тиймээс цаашдаа бага оврын усан цахилгаан станцыг олноор байгуулах нь усны нөөцийг хуримтлуулах, усалгаатай газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж нээгдэх юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол Улсын УИХ-аар Байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлж, бие дааж орсон байгаа. Өнөөдөр бидэнд усны нөөцөө судлах, эргэлтэд оруулах, хайрлаж хамгаалах нэн тэргүүний шаардлага тулгараад байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан усны нөөц, гарц буурсаар байгаа. Тиймээс усаа судлах, нөөцөө бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахаар 10 аймагт Тайшир сумын жишгээр усан цахилгаан станцыг бий болгох зорилго тавиад байна.” гэлээ

БОАЖЯ-ны харьяа Усны агентлагийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Мягмар: “Говь-Алтай аймгийн Тайшир суманд Тайширын усан цахилгаан станцыг барьсан. Ингэснээр 10 гаруй километр урт, 4 км өргөн Гэгээн нуур бий болсон. Энэ нуур нь газрын зураг дээр байгаагүй ч Тэрхийн цагаан нуур шиг том нуур болсон нь усны салбарын нэг том бахархал юм. Усан цахилгаан станцыг барьж хиймэл нуур үүсгэснээр тухайн газар нутгийн уур амьсгалыг зөөлрүүлэх чухал үүрэг гүйцэтгэснээр онцлогтой. Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвийг усаар бүрэн хангах, нутгийн экологийн тэнцлийг бий болгох таатай нөхцөлүүд бүрдсэн гэх мэт олон эерэг үр дүнгүүдийг үзүүлж байгаа. Тиймээс цаашид бага оврын усан станцуудыг нэмж барих хэрэгцээ, шаардлага их байна.” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Бага оврын 10 усан цахилгаан станц барих зорилт тавьж байна  
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй