Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн Булган суманд ажиллав

2020-09-22 16:37:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.21/ Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Энэ үеэрээ Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумын иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, нээлттэй ярилцав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдээс сонгогддог албан тушаалтнууд иргэдээ байнга сонсож байх нь чухал гэдгийг онцолж, ялангуяа алслагдмал бүс нутагт амьдардаг иргэдэд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож, тэднийг дэмжих хэрэгтэй гэж үздэг гэдгээ хэллээ. Мөн иргэдийн зүгээс тавьсан говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад оролцох саналыг сайшааж, баруун бүсэд төмөр замын төслийг хэрэгжүүлэх цаг нь болсон гэв.

Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол суманд амжилттай хэрэгжүүлсэн “Шинэ сум” төслийг Булган суманд хэрэгжүүлэх тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нааштайгаар хүлээн авч, төсвийн бус хөрөнгөөр шийдвэрлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ.

Ховд аймгийн Булган сумын иргэн Сүхдээ:

“…Мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн асуудлыг цаашид яаж хөгжүүлэх вэ? Түүний дотроос шуудхан ярихад залуу хүмүүс мал маллах дургүй болж байгаа. Залуу хүмүүс мал маллахад нь урамшуулал олгох тал дээр анхаарч өгмөөр байна.”

Ховд аймгийн Үенч сумын малчин Н.Бөхсуурь:

“…Юуны өмнө монгол малыг дэлхийн зах зээлд хүргэхдээ гурван талт худалдааны бодлого хэрэгжүүлэх, яаж хүргэх талаар малчид бид ярилцмаар юм аа. Мөн монгол төгрөг ямар ч чанаргүй болоод байж байна. Монгол төгрөг гэдэг бол төрийн мөнгөн тэмдэгт. АНУ-ын доллартай харьцуулахад илүү чадамжгүй байгаа мөнгө юм. Бид мөнгөө чанартай болгохын тулд монгол малыг дэлхийн зах зээлд харилцан ашигтай худалдааны бодлогоор хүргэмээр байгаа юм.

Тууль гэдэг бол Төв Азийн, хүн төрөлхтний аман зохиолын чухал төрөл. Та монголчууд Жангар гэх мэт туулиа, түүхээ илүү сонирхох талаар ажиллаж, туульчтай болсонд баярлаж байгаа.”

Ховд аймгийн Булган сумын иргэн Нэргүй:

“…Тэтгэврийн бодолтын талаар санал оруулъя гэж бодож байна. Тэтгэврийг тогтоохдоо таван жилийн цалингийн дунджаар бодож олгодог байсан. Одоо долоон жилээр боддог болсон. УИХ-ын гишүүд болон бодлого тодорхойлогчдод хандаж энэ үгээ хэлж байна аа. 650 мянган төгрөгийн цалин авч байсан хүн 350 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгохоор хар ухаанаар бодоод үзэхэд ядуурлын эгнээнд орж ирж байгаа биз? Энийг олон удаа санал асуулгад тавьсан ч хэрэгжихгүй байгаа юм. Тэтгэврийн тогтолцоон дээр ер нь нэг реформ, өөрчлөлт хийвэл яасан юм бэ?”

Ховд аймгийн Булган сумын иргэн Х.Санак:

“…Малын хулгайтай тэмцэх тухай ард түмэн маш их ярьсан. Үүнийг УИХ анхааран судалж үзээд, хууль гаргасан. Тэр хуульд нэг ямаа эсвэл шүдлэн хулгайлсан иргэн би байвал 2-3 жилийн ял оноохоор болсон. Гэтэл төр засгийн мөнгийг ямар нэг хэлбэрээр ашиглаж, тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс ямар ял авч байна вэ?”


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн Булган суманд ажиллав  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй