
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн III шатны төлөвлөлтийн хурал 2020 оны 9 дугаар сарын 22-ны өдөр цахимаар явагдлаа.
Төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас “Дорнод” цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал С.М.Севрюков нар удирдаж, дөрвөн сэдвийн хүрээнд ярилцсан юм. Өөрөөр хэлбэл, хамтарсан сургуулийг дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалд уялдуулан өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулахтай холбоотойгоор дэлгэрэнгүй ярилцлаа.
Түүнчлэн энэхүү төлөвлөлтийн хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг-агаарын цэргийн атташе, хурандаа П.Г.Анисов оролцож, зарим асуудлаар санал солилцсон бөгөөд талууд хамтарсан сургуулийн зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, оролцох бүрэлдэхүүнийг тодотгоод, сургууль зохион байгуулах газар орныг эцсийн байдлаар тодорхойлсон юм.
Хурлын эхэнд бригадын генерал Л.Онцгойбаяр “Дэслэгч генерал С.М.Севрюков танд болон хуралд оролцож буй бусад нөхдөдөө энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Улсын Онцгой комиссын 28 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу “Сэлэнгэ-2020” хамтарсан хээрийн сургуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж явуулах тухай шийдвэр гарсан. Энэ нь Монгол Улс цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хилээ нээгээгүйтэй холбоотой.
Бид Улсын Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу хамтарсан сургуулийг өөрийн нутаг дэвсгэрт цахим хэлбэрээр зохион байгуулахаар бүх бэлтгэлээ хангасан, удирдлагын бүлэг КШХС-ийг зохион байгуулах бэлтгэл мөн хангагдсан” зэрэг зарим асуудлаар ОХУ-ын талтай ярилцаж тохиролцсон юм. Энэ жилийн сургууль “Терроризмын эсрэг хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хууль бус зэвсэгт бүлэглэлийг хөрш орны Зэвсэгт хүчний байлдааны салбаруудын болон тактикийн агаарын десанттай харилцан ажиллагаатайгаар бүслэн хааж устгах” сэдвийн хүрээнд явагдах бөгөөд сургуулийг хоёр тал тохиролцсоны дагуу ирэх сард виртуал видео хурлын системээр зохион байгуулахаар болсон юм. Ингэхдээ холбоо, мэдээллийн системийн бэлтгэлийг хангахад аль аль талаасаа анхаарч ажиллах талаар ч мөн санал нэгдлээ.
Хуралд Монгол Улсын талаас БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил, тус командлалын Артиллерийн офицер, хурандаа С.Ганбаяр, Цэргийн соёл, сургалт хүмүүжлийн хэлтсийн сэтгэл зүйн хангалтын офицер, ахлагч дэслэгч Ц.Ганбат нар оролцсон бол ОХУ-ын талаас “Дорнод” цэргийн тойргийн Тээврийн хангалтын удирдлагын газрын дарга, хурандаа Э.Б.Майоров, тус тойргийн Цэргийн олон улсын хамтын ажиллагааны тасгийн дарга, ахмад М.С.Чикунов нарын албаны хүмүүс оролцсон юм гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
“Сэлэнгэ-2020” хамтарсан хээрийн сургуулийг цахимаар зохион байгуулна | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.