
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэв.
Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч Р.Батхишиг, Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны төвийн Шинжилгээ, судалгаа, түүврийн албаны статистикч Н.Өлзийханд нар ажиллах талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд дурдсаныг Х.Болорчулуун дарга танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ц.Туваан, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг Улсын Их Хурлаас зохион байгуулахаар шийдвэрлэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулсан. Энэхүү Зөвлөлдөх санал асуулгыг баг, сум, аймаг бүрд мэдээлэл хүргэн, хэлэлцүүлэг зохин байгуулж саналууд авах, дараа нь Үндэсний статистикийн хороотой хамтран иргэдийн оролцоог хангасан Зөвлөлдөх санал асуулга явуулж, эцэст нь түүврийн аргаар аймаг, сум бүрийн төлөөллийг Улаанбаатар хотноо цуглуулан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа гэв. Бүх нийтийн оролцоог хангаж, талуудын оролцоог эрх тэгш зохион байгуулсны үндсэн дээр иргэдийн саналд үндэслэн бэлчээрийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх шаардлага бий гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглэв. Ийнхүү Ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 дэмжсэн юм.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Н.Ганибал, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, Г.Мөнхцэцэг нарын гишүүд ажиллахаар боллоо.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.