
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох асуудлыг хэлэлцэв. Тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа танилцуулав.
Тайланд тусгаснаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан зэрэг Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлжээ. Мөн “Капитал” банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан авахаар төлөвлөж байгаа талаар болон Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулах дээд хэмжээг 760.0 тэрбум төгрөгөөр тогтоосон, арилжааны 10 банкинд 7-15 хувийн хүүтэй мөнгөн хадгаламж байршуулж, 67.9 тэрбум төгрөгийн хүүгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн. Жилийн эцсийн байдлаар нийт 484.2 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж арилжааны банкуудад байршиж байна гэж танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан, нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус яамны мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир оршуулгын тэтгэмжийн хувь хэмжээ сая төгрөг байгааг нэмэгдүүлэх боломж бололцоог, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нийгмийн халамжийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг тодруулж, хариулт авлаа.
Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсов | ||
Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.