
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.13) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан цахим хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Төсвийн байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Ингэхдээ нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсвийн төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлээгүй. Төсвийн тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах замаар эх үүсвэр гарган нэн шаардлагатай санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр болон зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгасан. Эдгээр өөрчлөлтүүд нь холбогдох хуульд заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх, мөн Төсвийн тухай хуулийн 6.2.6, 29.3, 29.4-т заасан шаардлагыг хангасан байхаар тусгасан шаардлагуудад нийцсэн өөрчлөлт болсон гэдгийг Байнгын хорооны танилцуулгад дурдсан байна.
Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.
2021 оны төсвийн жилд Ирээдүйн өв санд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцсон байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд санхүүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар нийт 1100 төсөл, арга хэмжээг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн “Барих- шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлөхөөр тусгасан байна.
Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардал, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс өгөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын зөрүүтэй саналтай уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлтийг хийх эрх авсны дагуу олонхын дэмжпэг авсан саналуудыг бүрэн тусгах болон хуулийн төслийн зүйл, заалтын дугаар, төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, эдийн засгийн ангилал, сайдын багц дахь өөрчлөлтүүдийг хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төвшинд барих зарчимд тулгуурлан тооцоолол хийж, холбогдох өөрчлөлтүүдийг тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Мөн Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг үндэслэн залруулга хийж, төсөлд тусгасан байна.
Ингээд төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийг даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.
Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.