Шууд Chart

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2021 оны төсвийг баталлаа

2020-11-13 18:18:52

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.13) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгадын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншин танилцуулан нэгбүрчлэн санал хураалгаж батлуулав.

Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх нийт орлого 2,398,687.8 сая төгрөг, зарцуулах төсвийн нийт хэмжээ 2,594,280.5 сая төгрөг байх, түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчаас  эргэн төлөх төлбөрийн хэмжээг 103,736.0 сая төгрөг байхаар эцэслэн батлагдав. Уг хуулийн төслийг цахим хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Харин Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл, ажиллагчдаас төлөх шимтгэл, төсөвт байгууллагаас төлөх шимтгэл, улсын төсвөөс олгох шилжүүлэг, бусад даатгуулагчаас төлөх шимтгэл, бусад орлого зэргээр төсвийн ерөнхийлөн захирагчдаас төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 951,266.5 сая төгрөг, төсвийн жилийн зарлагын нийт хэмжээ 1,210,703.3 сая төгрөг байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч 136,400.0 сая төгрөгийн хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлөхөөр баталлаа. Хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 68 гишүүн оролцож, 60 нь буюу 88.2 хувь нь дэмжсэн юм.

Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хуулийн хугацаанд нь эцэслэн баталж, баталсан хуулийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы цахим хуралдаан өндөрлөв.

Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хуралдааны ирцийг сайн хангаж оролцсон Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга, гишүүд болон хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, мөн цахим хуралдааны бэлтгэлийг сайн хангаж амжилттай явуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, хамт олонд талархал илэрхийллээ.


Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2021 оны төсвийг баталлаа  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй