Шууд Chart

ТББХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020-12-09 19:01:54

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.09) хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан эхэллээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаан даргалагчаас уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн, мөн аймаг, орон нутгийн шинээр сонгогдсон ИТХ-ын гишүүд, Засаг дарга нар төсөлтэй холбоотой саналууд ирүүлсэн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны шийдвэртэй холбоотойгоор ажлын хэсэг тал бүрийн байр суурийг сонсож ажилласан гэв. Тус ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хуралдаж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Ж.Сүхбаатар гишүүн ажлын хэсгээс бэлтгэсэн уг саналын томьёоллуудаар санал хураалт явуулах горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд цахимаар болон танхимаар оролцсон 12 гишүүний 8 нь дэмжив. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор аймаг, сум, нийслэл, дүүрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж өөрчлөн найруулахийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн 18 дугаар зүйлийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч” гэсэн гарчгийг “Аймаг, сум, нийслэл, дүүргийн өмч” гэж өөрчлөхийг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг хасахыг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “нийслэл” гэж нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 61 дүгээр зүйлд “61.1.22  Сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэсэн 61.1.22 дахь заалтыг нэмж, дугаарлалтыг өөрчлөхийг гишүүд 66.7 хувийн саналаар, төслийн 62 дугаар зүйлд “62.1.22 Аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэсэн 62.1.22 дахь заалтыг нэмж, дугаарлалтыг өөрчлөхийг гишүүд 58.3 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Түүнчлэн төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг “18.1 Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад өмчтэй байна” гэж өөрчлөхийг гишүүд дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслийн 14 дүгээр зүйлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэрийг төрийн албан ёсны хэлээр нэрлэж, хаягийг монгол хэлээр нэрлэх агуулга бүхий 14.3 дахь заалтыг нэмэхийг хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь 69.2 хувийн саналаар дэмжсэн. Ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


ТББХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй