Шууд Chart

ТББХ: УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

2020-12-09 19:05:16

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.09) хуралдаанаар “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн талаар танилцууллаа. УИХ-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хүсэлтийнх нь дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурал нөхөн сонгууль зарлах шаардлага үүссэн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэж заасан. Хуульд заасан хугацаа 12 дугаар сарын 13-ны өдөр дуусах тул хуулийн хугацаанд багтаан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар тэрбээр танилцуулгадаа дурдсан. Төсөлд Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар тусгасан байна.

УИХ-ын тогтоолын төслүүдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Монгол УИХ-ын сонгуулийн нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хамт зохион байгуулахад үүсэх хүндрэл, зөрчлийн талаарх асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хариулахдаа, зардлын хувьд хэмнэлт гарах хэдий ч иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгуулийн сурталчилгааны хугацаа гэх мэт тус тусдаа зохицуулалттай хоёр сонгууль гэв. Эрх зүйн зохицуулалт хооронд зөрчил үүсэх, саналын хуудасны программчлалтай холбоотой хүндрэл үүсэх магадлалтай гэлээ.

Сонгууль болсны дараа сонгуулийн дүнтэй холбоотой маргаан үүсэхээс сэргийлж холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг Ё.Баатарбилэг гишүүн гаргасан бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа хэлээд, санал хураалтын системтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтын системтэй холбоотой үг хэлж, саналын хуудсын программчлалтай холбоотой санал хэлэв. Бусад улс орнуудын сонгуульдаа хэрэглэдэг шинэ технологиудын талаарх мэдээллийг Ж.Мөнхбат гишүүн дурдаад “Иргэдийн сонгох эрхийг баталгаатай хангах, сонгуулийг маргаангүй зохион байгуулах үүднээс бид санал хураалтын систем, технологийг шинэчлэх шаардлагатай” гэв. Аль ч шатны сонгуульд оролцсон иргэнд хурууны тэмдэглэгээ хийдэг байх зохицуулалтыг нэвтрүүлэх саналыг Ж.Батсуурь гишүүн гаргасан бол С.Бямбацогт гишүүн тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хэлж байв.

Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг дангаар нь зохион байгуулсан тохиолдолд 1 тэрбум гаруй төгрөг, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулсан тохиолдолд 100 гаруй сая төгрөгийн зардалтайг Байнгын хорооны дарга онцлоод, цар тахал нүүрлээд байгаа энэ цаг үед татвар төлөгчдийн мөнгийг болох хэмжээгээрээ хэмнэх, зарцуулалт бүр үр ашигтай, оновчтой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ингээд Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр, Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр, Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах зохицуулалтыг тусгасан тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь дэмжлээ.

Дараа нь “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 93.8 хувь нь, “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд тус бүрд нь танилцуулахаар шийдвэрлэлээ.


ТББХ: УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв  
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй