Шууд Chart

АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог зохицуулалт бий болгоно

2020-12-11 19:01:33

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуульд Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тусгажээ. Харин Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатар, Ц.Сэргэлэн, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, С.Амарсайхан нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргад тодорхой чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл дэд дарга нь ямар чиг үүрэгтэй ажиллахыг нарийвчлан зааж өгөөгүй. Тэгээд ч Авлигатай тэмцэх газар нь хамтын удирдлагын байгууллага биш. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дарга нь эрх, үүргээ хэрэгжүүлж ажилладаг, төрийн тусгай албан хаагч болох дэд даргаа өөрөө томилж тодорхой чиг үүрэг хариуцуулдаг байх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог зохицуулалт бий болгоно  
Үзсэн: 810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй