Шууд Chart

ТББХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2020-12-16 15:58:47

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Н.Энхболд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонхын саналыг авсан саналуудыг холбогдох зүйл, заалтуудад нэмж тусгасан байна. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналуудын найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 19.15, 26.5, 32.5, 36.11, 41.8, 42.12 болон 56.12 дахь хэсэгт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

Эдгээрээс 26.5 хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор төсөлд “ял эдэлж байгаа гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндэслэл болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт, “авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмж, төслийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтыг өөрчлөхөөр, төслийн 36.11 дэх хэсэг, 41.8, 42.12 дахь хэсэгт оруулсан өөрчлөлттэйгөөр холбогдуулан төслийн 41.9.2 дахь хэсгийг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг боловсруулжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


ТББХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй