Шууд Chart

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2020-12-17 15:55:44

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлсэн юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл  болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон. Иймд өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн, санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүн оролцож, 41 нь 78.4 хувийн саналаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл  болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Ж.Сүхбаатар гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан тодруулга хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах зохицуулалттай болсон нь шууд утгаараа аймаг, нийслэлээс дээш түвшинд ажиллахыг шаардсан агуулгатай хэмээн Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлав. Улс төрийн намуудын эрх зүйн шинэчлэл ирэх онд хийгдэх учраас нарийвчилсан зохицуулалтуудыг тухайн үед шийдвэрлэнэ. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж дээр зохицуулалтыг тусгасан гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төслийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд татгалзаж болно” гэсэн нь багаас эхлээд бүх засаг, захиргааны нэгжид үйлчлэх заалт нь тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй талаар хэлж, тодруулга хийв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар төслөөр орон нутагт татвар тогтоох, бонд гаргах, концесс байгуулах эрх мэдлийг олгож байгаа нь нэгдмэл улсын бодлоготой зөрчилдөх эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж, тайлбар хэлсэн. Орон нутгийн бие даасан байдал, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр олон тооны судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж ирснийг Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлалаа. Төслийн дээрх зохицуулалт нь чиг үүргийг хуваарилж буйгаараа онцлогтой гэв. Ц.Сандаг-Очир гишүүн төслөөр орон нутагт анх удаа төсвийн болон эдийн засгийн зохих эрх мэдлийг олгож буйгаараа чухал ач холбогдолтой гэдэг байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Т.Доржханд сумдыг эдийн засгийн агуулгаар нь бүсчлэн, нэгтгэх олон гарц байгаа талаар жишээ хэлж, төсөлд үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгаагүй байгааг шүүмжилж тодруулга хийсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Батсуурь нар зарчмын зөрүүтэй зарим саналын томьёололтой холбогдуулан байр сууриа илэрхийлж, тодруулгуудыг хийсэн юм. 

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд нэмсэн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд нэмсэн 12.1.9 дэх заалтыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн төслийн 25 дугаар зүйлийг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагаа гэсэн 77 дугаар зүйл нэмэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх шийдвэрлэсэн.

Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны дараа “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжснээр тогтоол батлагдсан. Ийнхүү Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй