Шууд Chart

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

2020-12-18 16:05:50

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 58.1 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд гишүүн  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол УИХ-ын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус заасан.

Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороод байсан ч хэлэлцэгдэж амжаагүй байгаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт горимын саналаа тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь дэмжлээ.

Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Засгийн газраас өргөн мэдүүлж Улсын Их Хурлаас хэлэлцэхээр шийдвэрлэсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 60 орчим хувьд өөрчлөлт орж, төслийн үзэл баримтлал үндсэндээ өөрчлөгдсөн гэж үзэж байгаа тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг УИХ-ын дарга уншиж танилцуулаад энэ саналыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарч хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ талаарх горимын саналаа тайлбарлаж үг хэлсэн бөгөөд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид ... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1-д “эх оронч үндэсний үзлийг дээдлэх, Монгол Улсын иргэн бүрийг үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх, эх оронч үндэсний үзэл, улс үндэстний ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, уйл ажиллагааны эх үндэс болно” гэсэн үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааны зарчим, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бэх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах зорилтод хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэхээр заасан нь хуулийн төсөл боловсруулах гол үндэслэл болсон гэдгийг онцлов.



Монголчуудыг оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгож бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах нь чухал болоод байна. Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүдэд нэн түрүүнд хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг оруулах хэрэгтэйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Энэ үндсэн дээр санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл нь иргэний боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах зорилготойг төсөл санаачлагч дурдлаа.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй бөгөөд хувь хүн хүүхэд наснаас эхлээд зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачлагын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ.

Хууль батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшсөнөөр эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна. Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсэж буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарна гэж төсөл санаачлагчид үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулсан юм.  Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Г.Дамдинням олон улсын туршлагаас үзэхэд энэ хуультай ижил утгатай хууль боловсролын салбарт байдаг эсэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хуульд хуулийн төсөлд тусгасан агуулгатай ижил зүйл, заалт байдаг эсэх, багшийн ажпын ачааллыг бууруулж, олон улсын жишигт хүрэхүйц үндэсний боловсролын тогтолцоо, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уг хуулийг хэрэгжүүлэх арга зам, агуулга талаас нь хэрхэн зохицуулах талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа зөв хүн бий болгох, хүний хөгжил, хүн хүнээ хайрлах, хүнлэг сэтгэлтэй байх гэх мэт хүүхдийн төлөвшилд анхаарах ёстой чухал зүйлүүд нь боловсролын багц хуульд тусгагдсан байдаг эсэх талаар асуулт асууж тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Баярсайхан энэ хуулийн төслийг боловсролын багц хуулийн төсөлд тусгаж, тусад нь бүлэг зүйл, заалт нэмж оруулах саналтай байгаа, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төсөлд тусгагдсан заалтууд боловсролын салбарт мөрдөгдөж байгаа иргэний ёс зүйн хичээлийн хөтөлбөрт бүгд багтсан байдаг тул эдгээр хөтөлбөртэй ижил агуулгатай сэдвүүдийг бие даасан хууль болгохыг дэмжихгүй байгаа талаар саналаа хэлжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Т.Энхтүвшин, С.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нарын асуултад төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар хариулт өгсөн юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, Ц.Анандбазар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал, хөндөж буй асуудал нь чухал учраас зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ заавал бие даасан хууль гаргана гэхгүйгээр Боловсролын багц хуулийн агуулгад шингээж өгөх, Соёлын тухай хуульд нэмж тусгах, үндэсний хөтөлбөр хэлбэрээр зохицуулах боломжууд байгааг анхаарахыг санал болгож байв. Мөн Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх Боловсролын багц хуулийн үзэл санааг гишүүдийн санаачлан боловсруулсан энэ хуулийн үзэл санаанд нийцүүлж боловсруулах нь зохистой гэж үзэж буйгаа илэрхийлж байв.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 50 нь буюу 79.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй