Шууд Chart

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сонгогдлоо

2020-12-22 13:08:56

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) цахим хурал 10 цаг 00 минутад эхэлж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ирц, хэлэлцэх асуудал танилцуулан өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, түүний намтрыг товч танилцуулав.

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын тогтоолоор байгуулагдаж, гишүүнээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар харьяалагдаж буйг Байнгын хорооны дарга танилцуулав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн асуулт асууж, саналаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг чухал болохыг онцолж, санхүү мөнгөнөөс улбаалан хэрэгжээгүй олон ажил байсан гээд Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүн тус дэд хорооны даргаар томилогдож байгаа нь сайшаалтай болохыг цохон тэмдэглэв.

Ингээд УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг “сонгоё” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь дэмжснээр тус Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус тус батлагдлаа.


Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сонгогдлоо  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй