Шууд Chart

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний хагас шигшээ шат өндөрлөлөө

2021-01-20 13:30:57

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний хагас шигшээ шат энэ сарын 16-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай билээ. Швейцарь системээр 8 өрөг тоглосон эрэгтэйчүүдийн хагас шигшээ тэмцээнийг аймаг, нийслэлийг тус бүр 4 бүс болгон зохион байгуулсан бөгөөд нийт 360 шатарч оролцсоноос бүс тус бүрээс 5, нийт 40 шатарчин шигшээд шалгарлаа.

Шигшээ тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 40 шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо зэрэг байгуул­ла­гуу­даас урилгаар 24 хүртэл шатарчин оролцох юм.

Энэ удаагийн тэмцээн анх удаа онлайнаар, lichess.org платформ дээр явагдаж байгаа бөгөөд бүх шатны тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчны хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогч оролцож байгаа билээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ шат ирэх бямба гараг буюу 23-ны өдөр болж, аваргуудаа тодруулна.


Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний хагас шигшээ шат өндөрлөлөө  
Үзсэн: 2917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй