Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2021-04-11 15:03:30

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст, ялангуяа Халх голын сав газраар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 04 дүгээр сарын 11-ний 20 цагаас 04 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 12-14 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2021 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар 13-нд өдөртөө дулаарах боловч цаашдаа сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй