Шууд Chart

БНЭУ вакцины хомсдолоос үүдэн вакцинжуулалтаа хойшлуулж байна

2021-05-02 12:32:12

Энэтхэг улсад коронавирусний вакцин хомсдсоноос үүдэн тус улсын зарим муж, том хотууд 18-аас дээш насны бүх иргэдээ вакцинд хамруулах хугацааг хойшлуулахаас аргагүйд хүрчээ. Засгийн газар нь 5 дугаар сарын 1-нээс бүх насны иргэдээ вакцинд хамруулахаар төлөвлөж байсан ч вакцины хомсдлоо арилгаж чадахгүй байна.

45 ба түүнээс дээш насны иргэдийн вакцинд хамрагдах дараалал нь аль хэдийн  болсон. Орон нутгийн хэвлэлийн мэдээллээр өнөөдрөөс эхлээд тус улсад 600 гаруй сая хүн вакцинд хамрагдах боломжтой болжээ. Гэвч вакцины нийлүүлэлт буурсан учраас вакцинд хамрагдах иргэдийн насны ангиллыг нэмэгдүүлэх аргагүй боллоо гэж зарим мужийн захиргаа нь мэдээлжээ.

Нийслэл Шинэ Дэли хотын захиргаа гэхэд вакцины нийлүүлэлт хийгдээгүй байгаа учраас вакцины төвүүдэд ирэхгүй байхыг иргэддээ уриалж байгаа аж. Тус улсын хамгийн том худалдаа арилжааны төв Мумбай хот ч вакцин хийлгэх насны бүлгийг нэмэхэд бэлэн биш байна. Энэтхэг улс өнгөрсөн 1 дүгээр сард вакцинжуулалт эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 1,4 тэрбум хүн амынх нь дөнгөж 26 сая нь вакцинд бүрэн хамрагдаж, 120 сая хүн буюу хүн амынх нь 10 хүрэхгүй хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Энэтхэг улс өөрөө дэлхийн вакцины 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Вакцины гол үйлдвэрлэгч Серум хүрээлэн 7 дугаар сар гэхэд дотооддоо 250 сая тун вакцин нийлүүлэх ёстойгоос гадна олон улсад вакцин экспортлох гэрээтэй. Гэвч нөхцөл байдал хүндэрснээс болж тус хүрээлэн гадаад зах зээлд гаргах вакцины гэрээ хэлэлцээрийг цуцалж, заримыг нь хойшлуулжээ.

Тус улсад коронавирусний халдварт тохиолдлын тоо өдөрт 400 мянга давж, хүчилтөрөгч, амьсгалын аппаратын дутагдал, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас нас барах тохиолдол нэмэгдсээр байна. Тус улсын хэвлэлийн мэдээлснээр Шинэ Дэли хотод гэхэд нас баралт өссөнөөс үүдэн цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Автомашины зогсоол, голын эрэг дагуух газруудад түр чандарлах газрууд байгуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ вакцины хомсдолоос үүдэн вакцинжуулалтаа хойшлуулж байна   
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй