
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна.
2021 оны 06 дугаар сарын 01-ний 20 цагаас 06 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, уулаараа нойтон цас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2021 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 3, 4–нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө бороо, уулаараа нойтон цас орно | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.