Шууд Chart

Мэргэжлийн боксын ноён оргил болсон дөрвөн холбооны тухай

2021-07-14 11:14:30

Таван тивд дор бүрдээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боксын холбоо олон байдаг ч үүсэн байгуулагдсан үе, туулсан түүх, хамрах хүрээ, үзүүлэх нөлөө, эргэлдэх хөрөнгөөс хамааран доор дурдагдах дөрвөн холбоог дэлхийн хэмжээний дээд эрэмбэ хэмээн тооцдог аж.

Алдартай боксчны ихэнх нь эдгээр холбооны аварга цолыг “хаман” авч чаддаг ч он удаан жил хадгалж, хамгаалах хатуу сорилтыг давж гарсан нь цөөхөн ажээ.

  1. WBA (World Boxing Association)

1921 онд National Boxing Association (NBA) нэрээр АНУ-д анх үүсэн байгуулагдаж байсан энэ холбоо 1962 оноос нэрээ сольж Панама Улсын нийслэлд төв оффис нь шилжин үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрчээ. Америк тивд анхны бооцоот тулааны нэгдсэн дүрэм гарсан 1921 онд рингийн дэргэдээс анх радио (live) шууд нэвтрүүлэг, 1933 онд тоглолтын анхны телевизийн нэвтрүүлэг хийсэн гээд тус холбооноос мэргэжлийн боксын түүхэнд анхдагч болох эхлэл суурийг тавьсан гэдэг.

Хойд Америк, Ази, Африк, Европ, Латин Америк, Далайн орон болоод БНХАУ-д бие даасан салбар холбоотой. Домогт боксчин Рокки Марчиано, Жо Луйс, Мухамед Али, Леон Спинкс, Жорж Формен, Шугар Леонард, Майк Тайсон нарын зэрэг олон аварга тус холбооноос авсан цолоо алдалгүй удаа дараа хамгаалж үнэмлэхүй аварга хэмээх цолыг нэмж хүртэж байв. Алдарт Жо Луйс 1937-1949 оны хооронд 12 жил аварга цолоо хамгаалж, нийтдээ 26 удаагийн тулаанд ялалт байгуулсан нь дээд амжилтын түүхэн оргил болж үлджээ. Одоогийн аваргуудаас Филиппины домогт боксчин Мани Пакяао, Украйны Василий Ломаченко нарын зэрэг зэрэг луухагруудын хамт IBO холбооны аваргын бүсээ Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтод хэдийн алдаад байгаа Доминиканы боксчин Клаудио Маррейрогийн нэр энд бас байна.

  1. WBC (World Boxing Council)

1963 онд эгнээндээ дэлхийн 11 улсыг багтаан Мексикийн нийслэлд анх байгуулагдаж байсан энэ холбоонд өдгөө 161 орон гишүүнээр элсч, бүс нутагт ес, тивийн хэмжээнд 12 салбар холбоодтой том байгууллага болжээ. Тус холбоо нь эрэгтэй 17, эмэгтэй 16 жинд аваргын цол олгодог бөгөөд мэргэжлийн боксд дүрмийн болоод хамгаалалтын олон шинэчлэл хийсэн гэдэг.

Сонирхогчдын боксоос мэргэжилд шилжин ирж тоглосон тамирчид гэвэл Америкийн боксчин дэлхийн аварга Флойд Мэйвейтер, олимпийн аварга мексик гаралтай Оскар Де Ла Хойя нарын тамирчид мэргэжлийн рингэнд шилжээд ид цалгиж явах цагтаа гурван жил дарааллан энэ холбооны аварга болж байжээ.

  1. IBF (International Boxing Federation)

Анх United States Boxing Association (USBA) нэрээр 1976 онд АНУ-д үүссэн энэ холбоо Нью Жерси мужын Спрингфилд хотноо төвлөрдөг. Ази Европ тивээс ялангуяа хуучнаар ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс) задарч бутархад салж тусгаарласан Ази болоод зүүн Европын орнуудаас сайн боксчид Америкийн мэргэжлийн рингэнд шилжин ирж анхны гараагаа эндээс эхэлсэн байдаг. Тухайлбал Оросын нэрт боксчин олимп, дэлхийн аварга Константин Цзю, Украйны ах дүү Кличко нарын зэрэг төлөөлөлийг дурдъя.

Эдүгээ цагийн мэргэжлийн боксын бүх холбоодын аварга Казахын GGG хэмээгддэг Генадий Головкин, Японы хөнгөн жингийн Инойе гэсэн ир нь ханасан тонгорог шиг шилдэг боксчид IBF холбооны аваргын бүсийг алдаагүй хадгалсаар яваа юм байна. Эднийх 17 жин тус бүрд дэлхийн шилдэг 15 мэргэжлийн боксчдыг үзүүлсэн амжилтын дарааллаар жагсаан гаргадаг. Эдгээр гуч гаруй улсын дунд манай Монголын далбаа бас бий.

  1. WBO (World Boxing Organization)

1988 онд байгуулагдсан WBO холбоо Пуэрто Рико Улсад төвтэй. Аварга цолыг анхандаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрдөггүй байж. 2012 онд Японы мэргэжлийн боксын холбоо аваргын титэмийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч, Ази болоод зүүн Европын орнуудаас мэргэжлийн рингэнд гарч ирэх зам болгосон түүхтэй. Америкаас гадна дэлхийн олон тив, улсад тоглолт тэмцээн зохион байгуулж, өргөн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор дэлхийд есөн салбар төлөөлөлтэй. WBO холбооны аваргын бүсийг бусад холбооны ихэнхи аваргууд бас давхар хүртэж чадсан байдаг юм.

Мэргэжлийн боксын аварга цолны тулаан тухайн холбооны тогтсон дүрэм журмын дагуу тамирчны харъяа клуб, хамааран төлөөлж буй промоутер зохион байгуулагчдын нарийн хэлэлцээр хийгдэж авах шагнал, явагдах газар, цаг хугацаа нь эцэслэн товлогддог байна. Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их ашиг орлогтой болсон тулаан бол 2015 оны тавдугаар сард Лас Вегас хотноо Америкийн боксчин Флойд Мэйвэйтер Филипинны боксчин Мани Пакяао нарын WBA холбооны аваргын төлөө үзэлцсэн тоглолт ажээ. Дэлхийн бокс сонирхогчдын удтал хүсэн хүлээсэн уг тулааныг дамжуулах телевизийн эрхийг оролцуулахгүйгээр олсон цэвэр ашиг гэхэд хагас тэрбум ам.доллар давсан байна. Ялагч Мэйвэйтер 300 сая ам.доллар өвөртөлж тэнцүүхэн тоглоод оноогоор ялагдал хүлээсэн Пакяао 150 саяыг халаасалжээ.

Олсон ашгаас нь харъяа клуб дасгалжуулагчдын баг, промоутер, хуульчдын баг гэх мэт олон дагалдагсад хувь хүртдэг бөгөөд тэр тухай тодорхой мэдээлэл нарийн дэлгэгдээд байдаггүй. Тоглолтын мөнгөн шагналаас ялсан нь 55-60, ялагдсан нь 25-30 хувийг хүртэх дундаж жишиг байдаг бол тамирчдаас суутгах бүх зардал нь олсон үнийн дунгийн 33,3 хувиас хэтрэхгүй байх зэрэг олон хязгаарлалт зохицуулалт бий ажээ. WBC холбооны аваргын төлөөх тоглолтын үнэ цэнэ тухайн тамирчны чансаа, нэр хүнд, үзэгчдийн хүлээлт зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бөгөөд билет борлуулалт, менежмент, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч доод тал нь 200 мянгаас 10 сая ам.доллар хооронд хэлбэлздэг гэнэ.

Сонирхуулахад, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 онд Гарри Расселийг хожиж WBO холбооны аваргын бүсийг зүүсэн олимп дэлхийн хошой аварга Украйны боксчин Васил Ломаченко зөвхөн тэр тоглолтоос 631,350 ам.долларын мөнгөн шагнал авч байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэжлийн боксын ноён оргил болсон дөрвөн холбооны тухай  
Үзсэн: 5233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй