Шууд Chart

Өнөөдөр жүдоч Ё.Басхүү, Л.Сосорбарам нар барилдана

2021-07-25 09:56:59

Монголчуудын салхийг хагалж багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөв. Тэрбээр тэгшитгэлд Тунисийн Ф.Гарчиг 4:1-ээр буулган авсан. Улмаар 1/32 шатанд Чилийн туршлагатай тамирчин М.Вегад 4:0-ээр хожигдлоо.

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Э.Лхагвасүрэн АНУ-ын Н.Кумарт 4:1-ээр дийлдэн тэмцээнээ өндөрлүүлсэн.

Жүдо бөхийн хамгийн хөнгөн хоёр жингийн барилдаан мөн өчигдөр болов. Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Нидерландын Т.Цакадоед нэмэлт цагт вазари үнэлгээ алдсан хожигдсон. Харин хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг урамтай сайхан барилдсаар Монголын багийн эхний медалийн эзэн болов. М.Уранцэцэг эхний хоёр тойрогт Чилийн Л.Варгас, Израилийн Ш.Ришони нарыг цэвэр ялж, шөвгийн дөрөвт үлдсэн. Ийн финалд шалгарахын төлөөх барилдаанд Косовогийн Д.Красникид вазаригаар ялагдав. М.Уранцэцэгийг хожсон Косовогийн бөх финалд Японы Ф.Тонакиг хожин аваргалсан юм.

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн К.Костаг дархан өчих мэхээрээ цэвэр ялж, гурав дахь оролдлогоороо олимпын медальтан боллоо.

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд залуу тамирчин О.Есүгэн өрсөлдөж, 624 оноогоор 25 дугаар байр эзлэв. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн Э.Даваахүү 577 оноо авч, 12 дугаар байрт оров. Тэрбээр финалд шалгарахад ганцхан оноо дутлаа.

Багийн спортын төрлөөр анх удаа эх орноо төлөөлөн оролцож буй 3х3 сагсны охид эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн эсрэг хийж, 15:14-өөр тун харамсалтай ялагдав. Улмаар дараагийн тулаанаа энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр ялагдсан юм.

Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр тулалдсан. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг ван Нгуентэй нударга зөрүүлнэ.

Өчигдөр 22 улс медаль авснаас гурван алтан медальтай БНХАУ багийн дүнгээр олимпыг тэргүүлсэн.

Өнөөдөр Монголын баг тамирчид спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.

Өглөө 08:00 цагт эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн урьдчилсан шат явагдах бөгөөд О.Гүндэгмаа, Ц.Анударь нар цэц сорилоо. Сагсны 3х3 төрлийн эмэгтэй баг 09:15 цагт талбайн эзэн Японтой тоглож эхэлсэн бол 13:00 цагт ОХУ-ын багийн эсрэг тоглох хуваарь байна.

Харин орой боксчин Б.Чинзориг эхний тулаанаа Узбекистаны Э.Абдураимовын эсрэг хийх гэж байна. Тэдний тулаан 17:18 цагт эхэлнэ. Гэхдээ өмнөх тоглолтуудын үр дүнгээс шалтгаалаад энэ цаг өөрчлөгдөх магадлалтай юм.

Түүнчлэн өнөөдөр Монголын хоёр жүдоч Ё.Басхүү, Л.Сосорбарам нар татамид гарна. Энэ хоёр жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10:00 цагт, медалийн төлөөх барилдаан 16:00 цагт эхэлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнөөдөр жүдоч Ё.Басхүү, Л.Сосорбарам нар барилдана  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй