Шууд Chart

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ: Миний ээж биднийхээ Олимпын аварга нь шүү дээ

2021-07-25 16:17:47

Олимпын буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат өнөөдөр өглөө болсон. Энэ шатанд 53 тамирчин цэц сорьсны дунд Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.

Харин

Түүнчлэн өнөөдөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ өөрийн сошиал хаягтаа дараах сэтгэгдлийг бичсэнийг хүргэж байна.

“Миний ээж биднийхээ Олимпын аварга нь шүү дээ! Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү их наадмаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийнхэн, ойр дотнынх нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.

Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгэнд анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, веб сайтуудын мэдээллүүдийн гарчгуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юм даа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, Тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, оролцоод ирж байгаа нь л тэдний Амжилт! Тамирчдаа битгий ялгаварлаач!

Миний хайрт ээж О. Гүндэгмаа нь энэхүү их наадамд 7 дахь удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, Хамгийн Супер ЭЭЖ.

Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, Анхны Олимп доо 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.

Олимп хэмээх энэхүү их наадам, зөвхөн ээжийн минь амьдралд чухал байхаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, арван жилийн хонхны баяр, их сургуулийн төгсөлтийн баяр, магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж эл олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.

Миний санахын ээжийг минь орсон тэмцээн бүрээс медаль хүрдэг байсан үед, чинээлэг улсууд иргэнээ болгох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангаргаа өргөсөн Монгол Улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн.  Монгол Улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл...

Гурван бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч унтууцаж байсангүй ээ. Эсрэгээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор дөрөв, дөрвөн жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг, ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад сахилга бат (discipline), эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.

Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхэн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Супер баатар гэдэг нь байхдаа.

Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчныгаа медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээч, түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай! Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ: Миний ээж биднийхээ Олимпын аварга нь шүү дээ  
Үзсэн: 2191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй