Шууд Chart

Тахал "тоодоггүй" тарвагачид

2021-08-23 10:09:54

Хүн төрөлхтөн цар тахлын аюулаас болж, хэдэн саяараа хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Тахал гэж сонссоноос цаашгүй өнөө үеийнхэн бүх нийтийг хамарсан халдварт өвчин ямар аюул тарьж болохыг нүдээр үзэж, биеэр туулж явна. Гэхдээ дэлхийн түүхийг харвал энэ бол тийм ч шинэ содон зүйл биш. Хүн төрөлхтөн түүхийнхээ явцад хэдэн арван аюулт тахлыг даван туулж, өнөө үетэй золгосон. Монголын ард түмнийг ч гэсэн халдварт өвчний аюул тойрч байсангүй. Шинжлэх ухаан харьцангуй өндөр түвшинд хөгжсөн 20-р зууны дунд үеэр л гэхэд Монголчууд тарваган тахлын аюулаас болж, гэр бүл, ураг садан, хот айлаараа хүртэл өөд болсон гашуун түүх олон.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахмад мэргэжилтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Н.Гүнд “Манай аймагт л гэхэд 1952 онд Шарга суманд гэр бүлийн найман хүн тарваган тахлаар нас барж байсан. Нохой зууж ирсэн тарвагыг чанаж идсэнээс болж халдвар тараад ах нь, дүү нь, эх нь, хүргэн нь, бэр нь гээд гэр бүлээрээ нас барцгаасан. Цогт суманд бас ах дүүсийн найман хүн нас барж байсан. 1954 онд Бигэр суманд 12 хүн өвдсөн. Тэр 12 хүний дотор Зөвлөлтийн эмч Ёолков гэж хүн байсан, намар 10-р сард хүйтрээд амны хаалт нь цантсанаас болж бас халдвар авсан байдаг. Тэгээд зургаа нь нас барсан. Ийм тохиолдлууд Говь-Алтай аймагт гарч байсан шүү” гэсэн юм.

Энэ мэтээр тарваган тахал 20-р зуунаас өмнө, түүний дараа ч гэсэн өнөөгийн титэм вирус шиг түргэн хугацаанд олон нийтийг хамарч аюул тарьдаг байлаа. Иймээс манай улс 1931 онд “Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Лаборатори” байгуулжээ. Энэ цагаас тарваган тахлын голомтыг судалж, тархалтыг хумих судалгаа шинжилгээний ажил эхэлж, уг лаборатори нь Тарваган тахал эсэргүүцэн судлах станц, газар, Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэх газар, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв гэх зэргээр нэрээ өөрчилж, үйл ажиллагаа нь өргөжсөөр 2012 оноос Зоонозын өвчин судлалын үндэсний төв болсон түүхтэй. Зооноз гэдгийг товчоор хэлбэл “Байгаль дээр хүн амьтан хоёрын хооронд дамжин халдварладаг өвчин” гэж тодорхойлж болно. Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь өнөөдөр хяналт сэргийлэлт, хариу арга хэмжээ, эрт сэрэмжлүүлэг, тандалт судалгаа гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд Монголчууд тарваган тахлын аюулыг өөрсдөө илрүүлж, тархалтыг хумих, тандан судлах бүрэн боломжтой болсон. Иймээс тарваган тахлын хамрах хүрээ, хор хохирлын хэмжээ багассан байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн амьтан судлагч Д.Батжав “Тарваган тахал нь олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг хөл хориот өвчин. Энэ өвчин амьсгалын замаар халдварласан тохиолдолд агаар дуслаар хүнээс хүний хооронд халдвар тархдаг. Ийм байдлаар цар тахал дэгдсэн түүх дэлхийд гурван удаа гарсан гэдэг. Үүний нэг нь Монголчуудын байлдан дагуулалтын үед гарч, бактерлогийн дайны зорилгоор ашиглаж, хүнээс хүнд халдварлуулж байсан тохиолдол байдаг. Дэлхийн 2-р дайны үед Япончууд мөн бактерлогийн зэвсэг болгож ашиглахаар бэлтгэж байсан гэх баримт бий. Монгол орны хувьд бол нутагшмал байгалийн голомттой өвчин. Нутагшмал гэдэг нь тарваган тахлын голомт эрт дээр үеэс мэрэгч, туулай хэлбэртэн амьтдын дунд байсаар ирсэн гэсэн үг. Тахал нь амьтнаас амьтанд, амьтнаас хүнд бүүрэг, хачигаар дамжих, аль эсвэл тарваганы эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэх, арьсыг нь өвчих үедээ гараа эсгэх зэргээс болж халдварладаг. Халдвар авсан хүн уушгины хэлбэртэй болж хүндрэх юм бол нийтийг хамарсан цар тахал гарах аюултай. Жишээ нь 1890-ээд оны үед Төв аймгийн Дэлгэрхаан сумын Мишиг гүний хүрээнд тахал гарч өчнөөн зуун хүн амиа алдсан түүх байдаг” гэв.

Тарваган тахал бол маш аюултай өвчин. Тэр тусмаа тахлаас болж уушиг өвчилсөн тохиололд яг өнөөгийн коронавирус шиг хүндээр өвчилж, амиа алдахад хүргэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл Монголчууд бид тарвагыг хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор, хууль бусаар агнаж байгаа нь харамсалтай. Саяхан л гэхэд Говь-Алтай аймгийн Чандмань сумаас ирсэн жижиг оврын машинд 24 ширхэг тарваганы тулам нууж Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлсэн хэрэг гарсан. Тарвага агнах нь хуулиар хориотой. Хэн нэгэн хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх нь тодорхой. Харин хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж, ар гэр нь, ах дүүс нь, магадгүй аймаг орон нутаг, тухайн улсад аюулт өвчин тархвал яах вэ? Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. Үүнээс 2020 оны байдлаар 5 аймгийн 8 суманд тарваган тахал өвчний идэвхтэй голомт илэрсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус, Говь-Алтай аймгийн Төгрөг, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал өвчний идэвхтэй голомт байгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тогтоожээ. “Алтайн нуруунд гэхэд голынхоо ай саваар багахан зайнд голомтууд тусгаарлагддаг. Ийм газар тахлын өвчлөлгүй байх хугацаа бага байдаг. Үүнээс шалтгаалж сүүлийн жилүүдэд Алтайн нуруу, Хангайн нурууны тарваган тахлын байгалын голомт өндөр идэвхтэй байна л даа. Ялангуяа Баян-Өлгийн аймгийн Ногооннуур, Бугат, Улаанхус сумыг хамарсан маш хүчтэй эпизоот 2018 оноос хойш одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Эпизоот гэдэг нь амьтдын дунд гарч байгаа өвчлөлийг хэлж байгаа юм. Мөн Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймгуудад их хүчтэй эпизоот явагдаж байгаа нь тогтоогдоод байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэстийн төвийн амьтан судлагч Д.Батжав хэллээ.  Хэрэв хэн нэгэн тахлаар өвчилсан тарвагыг агнасан тохиолдолд халдвар авахгүй байх магадлал маш бага. Улмаар гэр бүл, үр хүүхдүүд нь халдвар тархах эрсдэл өндөр байдаг байна. Гэтэл өнөөдөр бид энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн оронд, хууль зөрчин байж хүнсний зориулалтаар агнах, улмаар тарваганы эд эрхтэн бүрийг ийм ч юманд, тийм ч юманд сайн гэх байдлаар түүхийгээр нь идэж хэрэглэдэг эрсдлийг улам нэмэгдүүлсээр.  

Одоогоос 2 жилийн өмнө Баян-Өлгий аймагт эхнэр нөхөр хоёр тарваганы түүхий бөөр, элэг, хүн мах залгиснаас болж, тарваган тахал өвчнөөр нас барсан нь шинжилгээгээр батлагдсан. Энэ үед эмч мэргэжилтнүүд тарваганы элдэв эрхтэнг түүхийгээр залгих нь эрүүл мэндэд сайн гэж шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байхгүй гэж анхааруулж байлаа.  “Иймэрхүү юмнаас л тарваган тахал өвчин гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Коронатай ялгаагүй. Тарваган тахлаар өвчилсөн хүний уушиг хав хар юм болдог. Тэгээд нойр булчирхай, элэг, дэлүү ажиллагаагүй болоод хар хар юм болчихдог. Бас цус бүлэгнэнэ, тэгээд зүрхэнд ачаалал өгнө. Тарвага өвчиж байгаад гараас эсгэх юм уу, аль эсвэл бүүрэгнээс халдвар авлаа гэхэд хоёроос гурав хоногийн дараа халдвар уушиг руу шилждэг. Ингээд л яг Корона шиг болно гэсэн үг” гэж Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахмад мэргэжилтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Н.Гүнд санууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол орны хэмжээнд 3 жил тарвага агнахыг хориглосон. Иргэдийн хувьд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн үедээ хуулийн хариуцлага үүрэхээс эмээж, нууж хааснаас болж эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол гардаг байна. Иймээс хуулиа биелүүлж тарвага агнахгүй байх, агнаж, хэрэглэсэн тохиолдолд ямар нэг байдлаар тарваган тахлын шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд эрүүл мэндээ бодож эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө. Мөн тарваган тахлын голомттой бүс нутгийн иргэдийг орон нутгийнхаа эмнэлэгт хандаж, тарваган тахлын вакцин хийлгэхийг анхааруулж байна. 

Нийтэлсэн: Г.Батзаяа

Тахал "тоодоггүй" тарвагачид   
Үзсэн: 5566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй