Шууд Chart

Зоонозын өвчнүүд зовоох боллоо

2021-08-30 12:07:38

Хүн төрөлхтнийг Зоонозын өвчнүүд зовоох боллоо. Амьтнаас хүнд дамжин халдварладаг энэ төрлийн өвчин нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, хүн амын шилжилт хөдөлгөөн, үйлдвэржилт, хотжилт зэргээс шалтгаалан жилээс жилд өссөөр байна. Сармагчин, үхэр, сарьсан багваахай, тахиа, гахай, тарвага, хачиг зэргээс эхлээд хүнтэй ойр оршин амьдардаг мал, амьтны гаралтай энэ өвчнүүдийн голомт эртнээс байсан ч, сүүлийн жилүүдэд улам бүр идэвхжиж эхэллээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч, тэргүүлэгч зэргийн их эмч Ц.Отгонцэцэг “Дэлхийд 300 гаруй төрлийн халдварт өвчин байдгаас 80 хувийг нь мал амьтнаас гаралтай Зоонозын өвчнүүд эзэлдэг. Ковид ч гэсэн сарьсан багваахай, аль эсвэл далайн гаралтай амьтдаар дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэсэн таамаглал гараад байгаа шүү дээ. Тарваган тахлыг бид бас мэднэ. Тэгэхээр Зоонозын өвчин гэдэг бол дэгдэлт өндөртэй, аюултай өвчнүүд байдаг. Манай ЗӨСҮТ-ээс 40 гаруй төрлийн шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнүүдийг тандан судалж, шинжилж байна. Сүүлийн үед цаг агаарын өөрчлөлт, даяаршил, аялал жуулчлал, антибиотекийн тэсвэржилт зэрэг олон төрлийн хүчин зүйлийн нөлөөллөөр Зоонозын шинэ төрлийн өвчнүүдийн дэгдэлд нэмэгдэх хандлагатай байна” гэв.

Монгол орны хувьд тарваган тахал, боом, шүлхий, галзуу, хачигт халдвар зэрэг Зоонозын олон төрлийн өвчний голомттой. Эдгээрээс хамгийн их тохиолддог нь хачигт халдвар. Дэлхий дээр хачгаар дамжин халдварладаг 28 төрлийн өвчин байдаг. Үүнээс гурав нь манай улсад бүртгэгдсэн. Тодруулбал, манайд хусны хоёр төрлийн хачиг болон малын хачигаар дамжих халдвар гардаг. Энэ гурван төрлөөс хамгийн хортой нь хусны улаан хачиг. Хусны улаан хачигны халдвар нь манай улсын 8 аймагт, тэр тусмаа Булган, Сэлэнгэ аймагт голомт ихтэй. Гэтэл сүүлийн үед иргэд ойгоос элдэв төрлийн өвс ургамал түүх нь ихэссэнээс хачигт халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай болоод байна. Ийм төрлийн хачигаар дамжих халдварын тохиолдол 2005 оноос хойш 300 гаруй бүртгэгдсэн. Харин хачганд хазуулсны улмаас 20 орчим хүн нас барсан. Мөн хачганд хазуулсан хүмүүсийн төв мэдрэлийн систем нь гэмтэж, насаараа тахир дутуу, унаж татдаг, мартамхай болох зэрэг эрсдэлтэй гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч эмч Л.Роломжав анхаарууллаа.

Манай оронд 2010  онд Зоонозын 195 өвчлөл бүртгэгдэж байсан бол, 2020 оны байдлаар 1100 болж нэмэгдсэн байна. Цаашид ч энэ төрлийн халдварт өвчний тоо нэмэгдэнэ гэж тархвар судлаачид тооцоолжээ. Гэхдээ Зоонозын бүх төрлийн өвчлөл нэмэгдэж байна гэвэл өрөөсгөл. Зарим төрлийн өвчлөлийн тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна. Тухайлбал, боом өвчний тохиолдол сүүлийн таван жилд 300 орчим бүртгэгдсэн бол үүний өмнөх 5 жилийн хугацаанд 412 тохиолдол гарсан. Үүнээс үзэхэд халдварын тохиолдлын тоо 70 орчим хувиар буурчээ. Боом өвчний голомт нь хар хүрэн хөрсөнд олон жилээр оршиж, хөрсөөр дамжин шууд хавьтлаар мал амьтныг өвчлүүлдэг. Хүнд бол гэмтсэн арьс салстаар нь дамжин халдварладаг. Малчид ихэвлэн боомоор өвчилсөн малаа нядалж, арьс шир, махыг нь хэрэглэх гэснээс халдвар авдаг байна. Тухайн боомын халдвар авсан хэсэгт улаан цэг үүсч загатнуулдаг. Тухай хэсгийн хүн маажсанаар тэр нь гөвдрүү болж, цэврүү үүсч улмаар хагарснаар хар өнгийн толбо үүсгэдэг байна. Ингэхдээ боомын шарх нь ихэвчлэн хүний нүүр, гар зэрэг ил хэсэг дээр үүснэ. Халдвар авсны дараа эмнэлэгт богино хугацаанд хандахгүй бол амь насанд аюултай. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд л гэхэд 20 гаруй хүн нас бараад байна. Энэ нь нийт өвчлөлийн 6.5 хувьтай тэнцдэг. Тэгэхээр боомын үүсгэгч нь хоруу чанар өндөртэй, биологийн аюул ихтэй аж.

Ер нь Зоонозын өвчнүүд нэмэгдэж байгаа үндсэн шалтгаан нь хүний буруутай ажиллагаа, байгальтай зүй  зохисгүй харьцаж байгаатай шууд холбоотой гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч, тэргүүлэгч зэргийн их эмч Ц.Отгонцэцэг онцолсон. Тодруулбал, боомоор өвдсөн малын махаа зарчихвал таван төгрөгтэй болчихно гэсэн буруу хандлагаас болж малчид өөрсдөө халдвар авах тохиолдол гардаг. Ийм буруу зуршил байж болохгүй. Голомтод нь яваад очиход манайхаас мал үхээгүй гэж хэлдэг. Тэгээд тандаад үзэхэд мал нь үхээгүй ч гэсэн өвчлөөд муудчихсан үед нь малаа муулснаас болж халдвар авсан тохиолдол бий. Энэ тохиолдолд малын эмчид хандаад оношыг нь тогтоолговол халдварт өртөхгүй байх боломжтой. Яг боом өвчин шиг ийм байдлаар Зоонозын халдварт өвчин тархахад эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байна. Самар, элдэв янзын өвс ургамал түүх гэж яваад хачигт хазуулж байна, тарваганы арьс, мах, эд эрхтэнг авах гэж байгаад тахал тусч байна, өвчин туссан малынхаа махыг авснаас болж боом тусах гэх мэтээр иргэдийн хандлага нь Зоонозын өвчин тархах шалтгаан болсоор байна.

Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэж Монголчууд ярьдаг. Гэвч бид эд баялаг, зоос мөнгөний төлөө байгальтайгаа зүй бусаар харьцаж байна. Үүнээс үүдэн байгаль дэлхий ч өөрчлөгдөж, элдэв төрлийн халдварт өвчний голомт нэмэгдэж, тархалт дэгдэх аюул бодитоор нүүрлэлээ. Иймээс хүн бүр дор бүрнээ хариуцлагтай байж, байгаль эх дэлхийтэйгээ зөв харьцаж, анхаарал болгоомжтой байх нь чухал гэж судлаачид анхаарууллаа. 

Нийтэлсэн: Г.Батзаяа

Зоонозын өвчнүүд зовоох боллоо   
Үзсэн: 2672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй