Шууд Chart

“Токио-2020” паралимпын наадамд 4403 тамирчин оролцжээ

2021-09-06 17:15:55

Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Японы нийслэл Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Ингээд паралимпын наадамтай холбоотой онцлох тоон үзүүлэлтийг хүргэе.

22 спорт

Тамирчид спортын 22 төрөлд медальтнаа тодруулсан. Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бол долоон хүнтэй хөлбөмбөг болон дарвуулт завины төрөл олон улсад хангалттай хөгжиж чадаагүй гэх шалтгаанаар олимпын хөтөлбөрөөс хасагдав.

3 хоног

“Тоёота” компани автомат удирдлагатай хэд хэдэн автомашиныг паралимпын наадмын үйлчилгээнд гаргасан. Гэвч эдгээр машиныг гурван өдөр л ашиглалаа. Наймдугаар сарын 27-нд автомат жолоодлоготой машин нэгэн тамирчныг мөргөсний дараа үйлчилгээнээс хассан юм.

Машинд мөргүүлсэн япон жүдоч А.Китазоно хөл, толгойдоо гэмтэл авсны улмаас олимпын наадамдаа зодоглож чадаагүй аж. Түүнийг явган хүний гарцан дээр зогсож байхад нь автомат удирдлагатай машин мөргөжээ.

162 улс

Дүрвэгсдийн багтай нийлээд 162 орны тамирчид Токиогийн дэвжээнд өрсөлдөв. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент Винсент ба Гренад улс паралимпын наадамд анх удаа тамирчдаа илгээв.

300 тохиолдол

Наймдугаар сарын дунд үеэс хойш паралимпын наадамд оролцогч 300 хүний коронавирусийн шинжилгээ эерэг гараад байна. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь арын албанд зүтгэж буй гэрээт ажилтан аж.

4403 тамирчин

Энэ удаагийн наадамд 4403 тамирчин оролцсон нь бүх цаг үеийн дээд амжилт болж бүртгэгдлээ. Риогийн олимпод 4328 тамирчин оролцсон нь өмнөх дээд амжилт байв. Нийт 1853 эмэгтэй тамирчин паралимпод оролцсон нь мөн л дээд амжилт. Риогийн олимпын тухайд энэ тоо 1671 байжээ.

Сонирхуулахад, Токио нь паралимпын наадмыг хоёронтаа хүлээн авсан анхны хот болоод буй. 1964 онд Токио хотноо хоёр дахь удаагийн паралимпын наадам явагдахад 378 тамирчин оролцож байв.

5000 медаль

“Токио-2020” олимп болон паралимпын наадамд зориулж нийт 5000 медаль үйлдвэрлэсэн. Паралимпын медалийн тухайд “Tokyo 2020” гэсэн бичгийг брайл үсгээр бичсэнээрээ ялгаатай юм. 

1.2 тэрбум хүн

Өдгөө дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүн аж төрж байна. “Дэлхий даяар эдгээр тамирчид шиг хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүн бий гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй” хэмээн Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс наадмын хаалтын үеэр хэлсэн юм. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Токио-2020” паралимпын наадамд 4403 тамирчин оролцжээ  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй