
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийн талаар танилцууллаа.
Төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг угсарч дуусан, агаарт шалгах техникийн нислэг үйлдээд байна. Эдгээрийг сураггүй болсон иргэдийг хайх, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх, ой, хээрийн түймрийн үед гал сөнөөгч, шүхэрчдийг зөөвөрлөхөд ашиглахаар төлөвлөжээ.
Нисдэг тэрэгнүүд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой, цагт 550 мянган төгрөгийн зардал шаарддаг нь одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээс найм дахин хямд гэсэн үг юм. Одоогоор 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай уулзлаа. Онцгой байдлын байгууллага улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болж бэхжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа хэлэв.
Цаашид:
- Гамшгийн менежментийн арга технологи, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник, технологийн шинэчлэлээ хурдтай хийх;
- Гамшгаас хамгаалах улсын албадыг бэхжүүлж, ажлыг нь төлөвшүүлэх, ажлын уялдаа холбоо, чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
- Үндэсний аврах бригадыг ямар ч нөхцөлд, хаана ч үүрэг гүйцэтгэх чадвартай болгон бэхжүүлэх;
- Байгалийн аюулт үзэгдэл, ялангуяа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх;
- Газрын тос боловсруулах үйлдвэр, хий дамжуулах хоолой, усан цахилгаан станц зэргийн барих болон ашиглалтын үед аюулгүй байдлыг нь хангах, хяналт тавих мэргэжилтнүүдийг бэлтгэх;
- Гамшгаас хамгаалах зарлан мэдээлэл, дохиоллын цахим системийн найдвартай байдлыг хангах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.