Шууд Chart

Ул боовыг хэдэн үеэр засвал зохилтой вэ

2022-01-24 09:27:17

Ул боовыг таван ширхэгээр гурав ба есөн үе засдаг. Таван ширхэгээр засдаг нь хүмүүний “махан бие”, “ясан бие”, “цусан бие”, “сүнсэн бие”, “гэрлэн бие” гэсэн таван биеийг төлөөлдөг ажээ.

Гурваар, дөрвөөр засах нь буруу бөгөөд танд байх ёстой таван бие дутуу болдог байна. Нас залуу хүмүүс таваар гурван үе засна.

“Үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй” хүн энэ гурван үеийг үзэхийн бэлгэдэл болдог. 60-80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 нас насалсан хүмүүс таваар долоон үе, 100-гаас дээш насалсан хүн таваар есөн үе засдаг байна.

Ийнхүү тойруулж зассан ул боов нь “сав”-ыг илэрхийлэх учир савыг дүүргэх бэлгэдлээр голд нь ааруул ээзгий гэх мэт цагаан идээ хийнэ. Хамгийн дээр нь өрөм дэвсээд шар тос тавьдаг. Тосныхоо дээжнээс магнайдаа хүргэдэг ба энэ нь “Магнай минь үргэлж өөх тос мэт нүнжиг дагуулсан ухаантай, оюунлаг байг” хэмээсэн утгатай.

Хүмүүн нь хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон тавагны боовыг “ул” хэмээн нэрийджээ.

Эрт үед “Хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлэлцдэг байсан бол өнөө цагт “Хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болсон. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож, хэдэн үр хүүхэд, ач зээ, гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “Тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа өгүүлэнгээ урт нас дуудаж буй утга юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ул боовыг хэдэн үеэр засвал зохилтой вэ  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй