Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2022-03-14 15:42:01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов.

Сүүлийн найман жил хоорондоо ойлголцоогүйгээс олон улсын тэмцэээнд оролцож чадаагүй алдаандаа дүгнэлт хийхийг санууллаа.

Талцсан, хуваагдмал байдлаа арилгахын тулд холбоод нэгдэх ёстой. Ингэж байж сагсан бөмбөгийн спортын төрлөөр дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Энэ хүрээнд тал бүрийн оролцоог жигд ханган, төлөөллүүдээ оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд хурлаа хийн дүрмээ баталж, шинэ ерөнхийлөгчөө сонгохыг зөвлөв.

Гэхдээ үүнд улс төр орох ёсгүй. Холбоод, дасгалжуулагчид, тамирчид, спортын хорхойтнуудын оролцоотой шийдэгдэх ёстойг анхаарууллаа.

Талцал, хуваагдлаа  хойш тавьж, энэ спортын хөгжил, цаашилбал улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж, аливаа спортод сахилга бат, бие биеэ хүлээн зөвшөөрөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн төрийн тэргүүний хувьд шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлэв.

Уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон тамирчдын төлөөлөл оролцлоо.

Төлөөллүүд Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж, ойрын хугацаанд хурлаа хийн, бүгд хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй, удирдлагатай болохын төлөө харилцан ойлголцож ажиллахаа илэрхийллээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй