Шууд Chart

Оросын дипломатч улсаа Украинд довтолсныг эсэргүүцэн огцорчээ

2022-05-24 14:32:23

НҮБ-ын Женев дэхь төв байранд ОХУ-ын суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байсан дипломатч улс нь Украинд халдан довтолсныг буруутган албан тушаалаасаа огцорлоо. Дипломатч Борис Бондарев даваа гарагт Женев дэхь гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газруудад хандан захидал явуулсан байна. Тэр захидалд, Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилсэн байжээ.

Тодруулбал, “Хорин жил дипломатчаар ажиллахдаа, манай улсын гадаад бодлогод янз бүрийн эргэлт гарахыг би харж байсан, Гэхдээ энэ оны 2 дугаар сарын 24-ний өдрийнх шиг улсынхаа өмнөөс ичиж үзээгүй” гэж Бондаревийн мэдэгдэлд дурджээ.

Энэ өдөр Украин дахь оросын цэргийн ажиллагаа эхэлсэн юм. “Украины эсрэг, чухамдаа өрнөдийн орнуудын эсрэг Путины эхлүүлсэн түрэмгий дайн зөвхөн украины ард түмний эсрэг гэмт хэрэг төдий бус, оросын ард түмний эсрэг хамгийн хүнд гэмт хэрэг” тэр мөн бичжээ. Түүнчлэн, “өнөөдөр оросын гадаад хэргийн яам дипломат ажил хэрэг явуулахгүй, зөвхөн дайн, худал хуурмаг, үзэн ядалтыг хөөргөдөх болсон” гэсэн байна.

Төгсөлд нь тэрбээр, ”дипломатчаар суралцаж, хорин жил мэргэжлээрээ ажилласан миний хувьд яам гэр орон, гэр бүл минь болсон. Гэхдээ би цаашид энэ цус урсгасан, утга учиргүй, огтоос хэрэгцээгүй шившигт хутгалдаж чадашгүй нь” гэжээ. Энэ мэдэгдэл дипломатчийн нэр дээрх нийгмийн сүлжээнд байршсан байна.

Женев дэхь ОХУ-ын төлөөлөгчийн газраас энэ тухай тайлбар хийгээгүй тухай NHK мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын дипломатч улсаа Украинд довтолсныг эсэргүүцэн огцорчээ   
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй