Шууд Chart

Д.Билэгээ: Монголын радио өглөө бүр Төрийн дууллаар эхэлдэг болохоор Төрийн далбаа шигээ хүндэтгэдэг

2022-05-27 11:35:59

МҮОНР-ийн 88, МҮОНТ-ийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ их ойг тохиолдуулан манай сайт үе үеийн уран бүтээлч, ажилчдаас ярилцлага авч, уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаа Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад нэвтрүүлэгч Доржийн Билэгээг урилаа. Тэрбээр уг мэргэжлээр ажлаад өдгөө 54 дэх зунтайгаа золгож байна.

-Монгол оронд радио хэмээх “шидэт хайрцаг” дуугарч эхэлсний 88 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ их айлын босгыг та хэдэн онд анх алхсан бэ?

-1968 онд буюу 25 настайдаа Монголын радиогийн өндөр үүдийг давж ирсэн. Москвагийн олон улсын радиод ч 10 жил ажилласан. Энэ радио дэлхийн 63 хэлээр мэдээлэлээ явуулдаг маш том хүчирхэг байгууллага байлаа.

-Радиогийн нэвтрүүлэгч болоход танд юу нөлөөлсөн бэ?

-Аймгийнхаа дунд сургуулийн дотуур байранд суудаг байв. Манай байранд томоо дугараг чанга яригч байдаг байсан юм. Тэрийг харчихаад “Хүмүүс хаана нь орчихоод яриад байна аа” гээд сонирхож эхэлсэн. Тухайн үед тавдугаар ангид орсон байсан санагдана. Техниккум төгсөөд “Улаанбаатар” зочид буудалд санхүүчээр ажилладаг болов. Тухайн үед Гадаадын жуулчдад үйлчлэх газар гэж байсан юм. Тэгж ажиллаж байхад миний ширээн дээр шугамын радио байдаг байлаа. Нэг өдөр “Монголын радиод эмэгтэй нэвтрүүлэгч шалгаруулж авна” гэсэн зарлал явахаар нь бүртгүүлэх санаа төрсөн. Сайд нарын зөвлөлийн харьяа Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэж байхад би шалгаруулалтад оролцсон юм. Гэхдээ тэгж бүртгүүлэхээсээ өмнө Мэдээлэл радио телевизийн улсын хорооны гадаад хэлтсийн ажилтан эмэгтэйтэй ажил төрлийн харилцаатай байсан болохоор түүнээс “Би шалгуулвал болох болов уу” гэж лавлалаа. Өнөөх маань ч “Бололгүй яах вэ” л гэж байна.

May be an image of 1 person and indoor

-Шалгаруулалт хаана болсон бэ?

-Төв шуудангийн хоёр давхарт болсон. Тэр заалыг дүүргэх хэмжээний хүн очсон байсан. Сүүлд сонсоход 150 гаруй хүн шалгаруулалтад оролцсон гэж байна билээ. Гурван өдөр шахуу үргэлжилж, эцсийн шатанд би Батжаргал гэдэг эмэгтэйтэй үлдсэн. Тийнхүү дагалдан нэвтрүүлэгч болж, зургаан сарын хугацаанд өөрийгөө таниулж чадах нь уу, үгүй юу гэдгээ харуулах боломж нээгдсэн. Чадахгүй бол намайг халах эрхтэй юм чинь. Ингээд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагаараа овоглоод амьдарч байна.

-Тантай хамт үлдсэн нэвтрүүлэгч Батжаргал радиод хэр удаан ажилласан бэ?

-Хоёр жил ажиллаад өөр мэргэжил сонгоод явсан.

-Дунд сургуульд сурч байхдаа та хөтлөгч хийдэг байсан уу?

-Үгүй. Урлагийн арга хэмжээнд хааяа оролцож дуулдаг л байсан. Гэхдээ радиог их сонсоно оо. Ялангуяа Ж.Цэвээндорж гэдэг алдартай нэвтрүүлэгчийг сонсдог байлаа. Хамгийн азтай нь дагалдан ажилтан болоод тэр хүний шавь болж билээ. Багш маань маш их эрч хүчтэй, золбоотой, авьяасын ундарга байлаа. Ямар ч текстийг хэтрүүлж л уншина уу гэхээс дутуудуулахгүй. Авьяас болон ухааны чадвар нь тэнцүү хөгжсөн хүн байж дээ. Чадварлаг багшийг дагана гэдэг хамгийн том сургалт. Багштайгаа би өглөө, өдөр, оройн эфирт байнга хамт гарна. Тэр үед одоогийнх шиг цөөхөн нэвтрүүлэгч байгаагүй ээ. Нэвтрүүлэг болгон хоёр нэвтрүүлэгчтэйгээр дамжуулагддаг байсан.

May be an image of 1 person, sitting and indoor

-Радиогийн нэвтрүүлэгч болоход юу хамгийн чухал вэ?

-Дээхнэ биднийг эмнэлгийн шинжилгээгээр хоолой, уушги нь эрүүл үү. Нүд, шүд, сонсгол нь сайн байна уу гэж үздэг байлаа. Харин одоо тэр зарчим алга болсон байна билээ. Нэвтрүүлэгч хүний дараагийн хамгийн чухал мэдэх ёстой зүйл бол нийгмийн амьдралыг маш сайн ажиглаж, мэдрэх. Мөн мэргэжилдээ дуртай байх нь чухал. Төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, Монголын театрын урлагийн анхдагчдын нэг Д.Намдаг гуай “Улдаар ухаанаа идэхгүй бол дараа нь махаа иднэ” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр эхлээд текстээ сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол найруулагчаа зовоогоод л, өөрийгөө ч эвгүй байдалд оруулна. Биднийг шалгаруулж байхад дуу хоолой, хэл ярианы хурц тод байдал зэргийг давхар харгалзсан байх. Радиогийн нэвтрүүлэгч гэдэг нь цэвэр сэтгэлгээний, ярианы урлаг юм. Дүрс гарахгүй учир тухайн текстийг уншиж байхдаа үйл явдлыг нь сонсогчдын сэтгэлд төсөөлөгдтөл унших ёстой.

-Тухайн үед хэн хэн ямар шалгаруулалтаар сонгож байв?

-Одоо байгаагаас найруулагч Л.Базрагч л байна даа. Ер нь олон хүн сууж байсан. Бидэнд тусгай бэлдсэн мэдээний текст, богино өгүүллэг уншуулж шалгасан.  

May be an image of 1 person and indoor

-Таны үндсэн мэргэжил тооны чиглэлийнх юм байна шүү дээ. Хэдэн жил ажилласан бэ?

-Үндсэн мэргэжил маань санхүү. Эдийн засагчийн дээд сургууль гэж байхад оройн ангид нь сурч төгсөөд долоон жил ажилласан.

-Хамгийн анхны томоохон ямар арга хэмжээг сонсогчдод хүргэсэн бэ?

-1968 онд ороод 1971 оны Октябрийн баярын шууд нэвтрүүлгийг төв талбайгаас анх уншсан. Намайг радиогоос “Энэ хүн одоо шууд дамжуулалтад орж болно” гэж үзсэн хэрэг байх л даа. Тухайн үед зэмлэл хүртээгүй болохоор болоод байсан байж таарна. Нисэх онгоцны буудал дээрээс ч Гадаадын төрийн тэргүүнүүдийг ирхэд шууд нэвтрүүлэг дамжуулж байлаа. Үйл явдлыг нь харж байгаад “Тийм хүнтэй гар барьлаа. Тийм өнгийн, тийм хувцас өмссөн байна” гэх мэтээр ярьж өгнө. Хажуугаар нь тэдний товч намтарыг уншина. Зарим үед инээдтэй зүйл харагдаад инээх гээд байх үе ч гарна. Тэр үед нэг хүн надад “Нас барсан ээжийгээ бодохоор инээд хүрдэггүй юм билээ” гэхээр нь би “Миний ээж нас бараагүй юм чинь” гэж хэлж билээ (инээв.сурв).

May be an image of 1 person and indoor

-Танай удамд урлаг соёлын хүн байдаг уу?

-Байхгүй. Гэхдээ аав маань айлын найранд залагдаж, уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан. Намайг хоёрдугаар ангид сурч байхад нас барсан. Ухаан орсноосоо хойш тэр хүртэлх он жилийг би мэдэх юм. Би ээжээс наймуулаа. Хамгийн том нь би. Миний дуу хоолойг радиогоор анх сонссон манай хөдөөнийхөн их баярлацгааж байсан гэдэг. Москвагийн олон улсын радиод ажиллаж байхад Монголын радиогоор өдөрт гурван нэвтрүүлэг дамжуулагддаг байлаа. “Москвагийн радиогоос ярьж байна” гээд эхлүүлэхээр ээж минь их бахархаж, айл хотлынхонд магтсан гэсэн. Ер нь би ээжийнхээ ачийг сүйдтэй хариулж чадаагүй ч гэсэн санааг нь зовоогоогүй гэж боддог. Радио гэдэг бүх ард түмний соёл, боловсрол, нийгмийг таниулдаг маш том зэвсэг. МҮОНР нь Япон, БНСУ, БНХАУ зэрэг олон хэлээр мэдээгээ явуулдаг болохоор олон улсад ч өөрийн улсаа сурталчилж байна. Монголын радио өглөө бүр Төрийн дууллаар эхэлдэг. Тиймээс би Монголын радиогоо Төрийн далбаа шигээ хүндэтгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Билэгээ: Монголын радио өглөө бүр Төрийн дууллаар эхэлдэг болохоор Төрийн далбаа шигээ хүндэтгэдэг  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй