Шууд Chart

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав

2022-06-07 18:48:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан.

Энэ дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан хэлэлцүүлэг хийж, намууд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, иргэдээс саналыг нь авч байна. Энэ удаагийн “Улс төрийн намын тухай хууль: Өөрчлөлт-шинэчлэлт” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ардчилсан нам, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ардчилсан нам, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, Үндэсний бодлогын хорооны гишүүд болон дүүргүүдийн Ардчилсан намын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар төслийн талаар товч танилцуулав.

Тэрбээр “Хууль санаачлагч хуулийн төсөлдөө бүх талын байр суурийг сонсож, саналыг нь авах үүрэгтэй. Хуулийг шинэчлэн боловсруулах асуудал гурван парламент дамжсан. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго нь парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийг гүнзгийрүүлэх юм” гэлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улс төрийн намууд бодлогын нам болж, санхүүжилт нь шилэн байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл цаг үеэ олсон, парламентат ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тодотгов.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Нийгэмд хамгийн нэр хүндгүй, авлигад идэгдсэн байгууллага нь улс төрийн намууд гэсэн судалгаа гардаг. Намуудын бодлого тодорхой байж, сонгуулиар дамжин парламентад бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой. Үүнд шинэчилсан найруулгын төсөл чухал үүрэгтэй” гэв.

Ажлын хэсэг хэлэлцүүлэг хийхээс гадна санал авахаар улс төрийн 35 намд хуулийн төслөө явуулснаас долоо нь бичгээр саналаа ирүүлээд байна.


Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй