Шууд Chart

НордАрт 2022 - Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын “Завсар орон зай” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ

2022-06-08 13:04:13

Уг олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 уран бүтээлчийн 1000 орчим бүтээл 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл толилуулагдана.

Монгол Улсын дүрслэх урлагийн салбарын төлөөлөл НордАрт үзэсгэлэнд 2015, 2016, 2019 онд амжилттай оролцож ирсэн. Энэ жил тусгай төслийн хүрээнд “Завсар орон зай” павильон  түүхэн барилга болох ACO Wagenremise төдийгүй Карлсхютте төв үзэсгэлэнгийн орон зайд нийт 1500 мкв талбайд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 18 уран бүтээлчдийн 56 бүтээлээр оролцож байна.

Монголын павильоны куратораар Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, ко-куратораар Ц.Солонго нар ажиллаж байна.

Дэлхийн урлагийн тайзнаа өөрийн байр сууриа хэдийнээ олсон, нэр хүндтэй, ХБНГУ-д ажиллаж амьдардаг авангард уран бүтээлч Үнэн Энх, Төрийн соёрхолт До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж, А.Очирболд нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхаарлын төвд байна.

Нээлтийн ажиллагаанд Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Б.Мандахбилэг, Хамбург хот дахь Польшийн Ерөнхий консул Павел Яворски, ХБНГУ-д суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Соёл урлагийн асуудал хариуцсан элчин зөвлөх Чен Жианян, Хотын захирагч, Хамбург дахь Монгол Улсын консул ноён Райнхард Штудт зэрэг төлөөлөгч оролцжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

НордАрт 2022 - Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын “Завсар орон зай” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй