Шууд Chart

Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

2022-06-23 17:39:37

Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм.

“Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газар нь Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд 1 сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй.

Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойжуулалтын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа “Домогт Шарын гол” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж байгааг захирал З.Оюунтуяа хэллээ.

Энэхүү хөдөлгөөн амжилтай хэрэгжихийн тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг хүчин чадлыг сайжруулж, технологийн шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцлов.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД, ЭРДЭМТДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ӨНДӨР

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Монгол Улсын их сургуулийн Ойн сургалт, судалгааны төвд ажиллалаа.

Тус төв нь Батсүмбэр сумын Үдлэг, Өртөөн мухар орчимд 2,000 га талбайн ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Оюутан суралцагчид ойн аж ахуйн хөтөлбөрөөр эзэмшсэн онолын мэдлэгээ хээрийн дадлагаар баталгаажуулах, судалгааны арга зүйг эзэмших, дагалдан суралцах, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажилд оролцох, хамтран гүйцэтгэх, нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэхүү сууринд хээрийн дадлага хийх судалгааны дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан явуулж байна. Тус төв нь 2.5 га газарт мод үржүүлгийн газар, 4 га газарт таримал ургамлын плантац, 3 лаборатори, сургалтын танхим, багш, оюутны сууцтай.

Мөн энэ үеэр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Ойн нүүрстөрөгчийн мониторингийн цамхгийн талаар танилцууллаа.

Ази тивд ойн нүүрстөрөгчийн мониторингийн 7 цамхаг байдаг бөгөөд Монгол Улс дахь цамхаг нь сүүлийн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. 25 метр өндөр энэхүү цамхаг нь Монгол орны ойт хээрийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөллийг судалдаг юм.

Энэ ондоо багтан мониторингийн цамхагт орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл суурилуулж, технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд сургалт, судалгааны чиглэлийн байгууллагууд, мэргэжлийн багш, эрдэмтдийн олон жил хуримтлуулсан туршлага, мэргэжлийн манлайлал, үүрэг оролцоо өндөр гэдгийг хэллээ.

МУИС-ийн ой судлалын хөтөлбөрийн багш, эрдэмтэд ойн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг АНУ-ын Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, ХБНГУ-ын Геттэнгенийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Япон улсын Хоккайдогийн их  сургууль зэрэг 30 гаруй сургуультай хамтарсан судалгааг Монгол орны нутагт хийж байна.


Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй