
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг.
Үүний дагуу өнөөдөр УИХ дахь бие даагчдын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар гадаад болон хөдөө томилолттой яваа бөгөөд Ц.Даваасүрэн гишүүн төлөөлж мэдээлэл хийсэн юм.
Бие даагчдын зүгээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ юун түрүүнд хэллээ. Одоогийн байдлаар нийт 54 байгууллагаас 900 гаруй зөвшөөрөл олгож байгааг цөөлж нь байгаа нь сайн хэрэг хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж нэн ховор ургамлаар хийсэн түүхий эдийг хураамжгүйгээр хил нэвтрүүлэх гэж буйг эсэргүүцэж байгаа аж.
Мөн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж байгаа бөгөөд эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд боловсрол олгох хэрэгтэй гэсэн юм.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа аж. Учир нь дуудлага худалдааг зохион байгуулахаас нэг сарын өмнө олон нийтэд мэдээлдэг байсныг 14 хоног болгон багасгасан нь хэсэг бүлэг хүмүүст зориулсан заалт гэсэн юм. Өөрөөр хэлбэл 30 хоногийн өмнө мэдээлвэл иргэд тухайн обьектийн талаар бүрэн судлах боломжтой, харин 14 хоногийн хугацаанд ямар ч мэдээлэл олж авч амжихгүй. Энэ тухайн обьектийн талаар мэдээлэлтэй эрх мэдэл бүхий хүмүүст таатай боломж бүрдэнэ гэлээ.
Бие даагч гишүүдийн зүгээс Газрын тосны талаар хуулийн төслийг эсэргүүцдэг бөгөөд энэ удаад ч мөн Газрын тосны тухай хуулийн төсөлд Стратегийн орд газар байх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Стратегийн орд газарт төрийн оруулж, эзэмших хувь их байх тусмаа ард иргэдийн авах хувь их байна гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна үйл ажиллагаа эрхлэх лицензээр дамжуулан өмчилнө гэсэн заалт оруулж байгаа нь зарим орд газруудыг гадаадын өмчлөлд шилжих үндэс болно, жишээ нь хуулийн энэ заалтаар Дачин тамсагийг Хятадын талд өгөх гэсэн зорилготой цөөн хэдэн хүмүүсийн бодлого гэлээ.
Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хайгуулын лицензийг дахин нээх гэж байгаа тул лицензүүд хэний гарт байгааг тодруулах шаардлагатай гэсэн юм.
Энэ бүхний эцэст бие даагчдын бүлэг Газрын тосны болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталвал Ерөнхийлөгчийг хориг тавихыг шаардана гэлээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөжээ.
Орд газруудыг гадаадын өмчлөлд шилжүүлнэ | ||
Үзсэн: 1669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.