Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2022-08-08 21:14:29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монголын талаас Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцоно.

Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 08 дугаар сарын 04-ний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцон, Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй