Шууд Chart

Сайханчиг хорвоод сайхан хүмүүнтэй учрах хамгийн сайхан юм даа

2022-11-02 12:11:58

Дуутай хорвоо гэдэг сайханчиг юм даа. Нэг их амьдрал үзсэн хүн шиг ингэж хэлэвч дууны уран бүтээлтэй бага ч гэсэн ойрхон яваа болохоороо тэгж хэлмээр санагдсанаа нуух юун.

Хэдхэн хоногийн өмнө дууны шүлгийн нэрт мастеруудын нэг Дундговь аймгийн Хулд сумын харьяат, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх багшийн минь төрдөө үнэлүүлсэн, төрөгсдөдөө бахархуулсан баяр тохиов. Тодруулбал Монгол Улсын соёл гавьяат зүтгэлтэн цолныхоо хүндэтгэлийн хүлээн авалтыг эртний сайхан ресторан “Баянгол”-д хийлээ. Зочид гэж багталцахгүй шахам, дуучид гэдэг чинь “хөглөрч” байх нь тэр. Арга ч үгүй биз, хит дуунуудынх нь шүлгийг бичсэн юм чинь тэр дурсгалт өдөр нь өөрсдөө гүйгээд ирээ биз. Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж эхэлсэн өнөө гавьяат С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын зэрэг нийтийн дууны дунд үеийн луухагарууд. Уран бүтээлийн хамтрагчид, анд нөхөд гэдэг ийм сайхан нүнжигтэй.

Найрны хувьд ярилтгүй. Харин би Н.Баянмөнх гэдэг хүнтэй хэрхэн холбогдсон тухайгаа сийрүүльюү гэвээ. Учир нь хүмүүс хэн нэгэн нөхрөө тэнгэр болоход нь л магтаад байдаг болохоос мэнд ахуйд нь урам өгөх, хайрлах, хайрлуулахаа мартсан байдаг юм байна аа.

Би УЗНАДС-д сэтгүүлчээр сурч төгссөн хүн. Манай сургуулийн дээд ангиас “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар, Б.Болорцэрэн, манай үеэс О.Цэнд-Аюуш нарын зэрэг нөхөд авьяасынхаа бяраар утга зохиолыг хаалгыг хүчтэйхэн түлхээд ороод ирсэн юм. Одоо ч аварга, арслангуудтай хүч тэнцүү “үзэж” явна. Зарим нь намайг бацаан байхад аль хэдийнээ өөрийн гэсэн уншигчтай болчихсон байв. Яг үнэндээ би өөрийнхөө бярыг мэдэрсэн үү ямар ч байсан тэднээсээ илүү гарч чадахгүйгээ ойлгосон байлаа. Харин нэг завсар байгааг нь олж харсан. Тэр нь дууны яруу найраг юм. Тэгээд л нэгдүгээр курсээсээ энэ төрөлд гар дүрж, олон ч студи хэссэн дээ. Учир нь хэдэн халтар дууны шүлэг биччихээд хөгжмийн найруулагч, дуучдад “атгуулчих” санаатай яваад байсан хэрэг. Аль нэг студид ороход өнөө од дуучид чинь сууж байх нь хачин сайхан санагддаг байж билээ. Тэднийхээ хүчээр хэдэн дуу ч гаргаж амжив. Тэрэндээ бардсан уу яасан анги дотроо үеийнхэнтэйгээ ганц нэг шил “юм”-ны бөглөө мултаж хонохдоо (Тэр үед ангидаа хонож байсан үе олон) “Би дууны яруу найргийг эзэгнэнэ” гээд хэлчихсэн байж. Яасан ч онгироо байсан юм. Тэр үг сургуулийн захиралын чихэнд хүрч, нүүр хийх газаргүй боллоо. Тэгж явахдаа өнөө үгэндээ ч ороогдов уу нэг сайн багштай л больё гэж бодоод дууны яруу найраг бичдэг хүмүүсийг судалж эхлэв ээ. Тухайн үед хамгийн их хит болж байсан дууны шүлгийн эздийн нэрсийг сонсоод байсан чинь “Нямбуугийн Баянмөнхийн шүлэг” гээд л зарлуулаад, телевизээр харагдаад байх нь тэр. Тиймээс тэр хүний эрэлд гарлаа.

Утасных нь дугаарыг хэнээс ч билээ олж аваад залгатал утсаа авч байна шүү. Уулзах хүсэлтэйгээ хэлэхэд “Би ажил дээрээ байна. “Гурван-Эрдэнэ” дээд сургуульд хүрээд ир” гээд уриалгахан загнав. Утасны цаанаас дуу хоолойг нь сонсоход залуу ч хүн шиг. Өмнө нь огт харж байгаагүй болохоор настай хүн байх гэж бодож байсан хэрэг л дээ. Учир нь тийм олон хит дуутай хүн хөгшин л хүн байж таарна гээд бат итгэсэн байсан юм. Сургуулийнх нь жижүүрээс өрөөг нь асуугаад очиход хаалганых нь үүдэнд “Дэд захирал Н.Баянмөнх” гээд бичсэн байлаа.

Хаалгыг нь тогшоод учраа хэлэхэд “Ороод ир” гээд сандал заав. Оронгуутаа “Би таны шавь болмоор байна” гэлтэй биш танилцаж, дууны шүлэг бичих сонирхолтой тухайгаа хуучлав. Бичсэн шүлгээ ч үзүүллээ. Инээмсэглэн хэсэг уншиж байгаад өөрт минь өгөв. Багш жаахан шоолонгуй эсвэл дургүй нь хүрэхээрээ тэгж инээмсэглэдэг хүн л дээ. Тэр үйлдлээ тэгэхэд гаргаж байж. Олон жил бөөрөнд нь явсан болохоороо одоо л ойлгож байгаа юм чинь. Анх миний шүлгийг уншаад дургүй нь хүрнэ ч гэж юу байх вэ, шоолсон нь тэр байсан юм билээ. Арга ч үгүй биз, миний шүлэг гэж юу байх вэ дээ, зайлуул.

Дараагийн уулзалтад би ичих ч үгүй дахиад л “Энэ хэд нь дуу болчихсон байгаа” гээд онгирох маягтай заахад “Дуу болчихсон юм бол би юм яриад яах вэ” гэж ялгаад үлдсэнээс нь нэлээн хэдэн үг зураад зураад өгчихлөө. Тэгснээ “Доогуур нь зурсан үгнүүдийг засаад ирээрэй” гэв. Гэхдээ чухам ямар учраас засуулах гэж байгаа, ямар утгатай үгээр орлуулж бич гэж огт хэлсэнгүй. Миний ч хичээнгүй байсныг хэлэх үү маргааш нь засч бичээд л очино. Тухайн үед машинтай байсан биш ихэвчлэн алхана. Заримдаа автобусанд сууна. Тэр үед би арслантай гүүрний урд талд байдаг СУИС-ийн оюутны байранд амьдардаг байлаа. Харин багшийн ажил Модны-2-т. Тэр хоёрын хооронд жим гардаг байсан бол миний жим нэлээн тод гарах байсан байх аа.

Гайгүй болсон шүлэг байвал ялгаж тусад нь тавиад болохооргүйг нь нөгөө зангаараа зураад л өгчихнө.

Тэр үед “Би танд шавь орох гэсэн юм” гээд зоригтой хэлээд авав. “Юу ч мэдэхгүй хүн зоригтой байдаг” гэсэн тэр байх л даа. Багш ч гайхсан шинжгүй “За би тэгвэл өдөр харья. Багш шавь болоход тэгэх учиртай юм” гээд түр зогсоолоо. Харин би буцах замдаа ээж рүүгээ залгаж, “Н.Баянмөнх гэдэг хүнтэй уулзсан. Шавь орохоор боллоо. Юу авч очвол болох бол” гэхэд ээж “Шар хадаг барьдаг гэсэн шүү” гэж хэлсэн ч бас л ламаас асуух юм болов. Ингээд би багшийн хэлсэн өдөр нь шар хадаг барьж жинхэнэ багш шавийн барилдлагатай болсон юм.

Тэр мөчөөс хойш багш миний олон сайхан дурсамжинд хамт байсаар байна аа. “Хүү нь тандаа” нэртэй анхны цомгоо гаргахдаа багшийгаа л түшсэн. Багш ч цааргаллалгүй эх бэлтгэлийг нь хүнээр бэлдүүлэхдээ санааг нь хэлээд л зогсч байсан. Хэвлэх үед нь ч урд хөрш рүү явах ажлынхаа хажуугаар бүтээж авч ирж байлаа. Би ч бөөн баяр оюутан ангийнхаа найз Н.Батцэрэнтэйгээ вокзал руу такси барьж тосч авч байлаа.  

Монгол бөхийн өргөөнд “Их л холын амраг” нэртэй анхны тайлан тоглолтоо хийхэд ч зохион байгуулж өгсөн, ганц нэг дууны клип хийхэд ч өвлийн хүйтэнд уул руу хамт алхаж явсан гээд бичээд байвал олон дурсамж бий.

Багшаас өвлөсөн бас нэг зүйл бол хэнийг ч ялгалгүй сайхан харьцах. Хүний эвийг олох. Зөөлөн байх ухаан нь юм. Тэр занг багш надад шүлэг шиг заагаагүй ээ. Харин би харж л суралцахыг хичээж явна.

Хааяа надтай уулзахаараа “За юу хийж байна. Уран бүтээл хийж байна уу” гэнэ. Харин би гавьтай юм хийгээгүй бол хэлэх үггүй болоод буцдаг даа. Заримдаа намайг ирлэнэ. Нэг хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Тэр нь “Сайн уран бүтээлч болохыг хүсвэл бүх талаараа сайн байх ёстой. Амьдралаараа ч, сэтгэхүйгээрээ ч, бүтээлээрээ ч гоё бай. Гэхдээ түүндээ ханаж эсвэл бардамнаж болохгүй” гэсэн юм. Багш хүнийг бараг магтдаггүй. Хааяа хэлсэн магтаал нь хачин их хүч өгнө.

Хадаг барьж очсоноос хойш бид хоёр хэн хэнийгээ мэддэг болоод 15 жил болжээ. Энэ хугацаа улам л үргэлжилнэ гэхэд даанчиг сайхан санагдана. Сайханчиг хорвоод сайхан хүмүүнтэй учрах хамгийн сайхан юм даа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сайханчиг хорвоод сайхан хүмүүнтэй учрах хамгийн сайхан юм даа  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-03 19:38
амжилт

Бидэнтэй нэгдээрэй