Шууд Chart

У.Баярсайхан

МЗЭ-ийн гишүүн. яруу найрагч, сэтгүүлч


Дашдоржийн Нацагдорж бол бидний хайрлан энхрийлдэг ардын уран зохиолч дайны хүн ч биш ...

2022-11-17 11:02:50

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой өнөөдөр тохиож байна. Утга, уран зохиолд элэгтэй хүн бүр л энэ тухай ярьж, цахим хуудасдаа бичжээ. Тэрээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Аягын ам гэдэг газар төрсөн учир сумынх нь болон ойролцоо орших Багануур дүүргийнхэн “Хэнз хурга”, “Миний нутаг” яруу найргийн наадмыг хүүхдийн болон насанд хүрэгчдийн дунд жил бүр зохион байгуулсаар байна. Энэ ч болохгүй зүйл биш л дээ. Ирээдүй хойчоо яруу тансаг найрагт хөглөн дурлуулж, шүлэг хэмээх “хүлгийн” төвөргөөг иргэдээ сонсгохыг зорьж байгаа хэрэг юм.

Яг үнэндээ үүнээс өөр гавьтай зүйл хийсэн юм алга. Тэгсэн хэрнээ нэг л их “Их зохиолчийн нутагт ирлээ” гэж Баяндэлгэрт очсон хүн бүр цээжээ дэлддэг.

Дашдоржийн Нацагдорж гэдэг хүмүүн бол хэдхэн бадаг шүлэг бичиж гавьяат цол хүртсэн нэгэн биш шүү. Тэр ч бүү хэл өнөөдөр бидний хайрлан энхрийлдэг ардын уран зохиолчийн дайных ч биш. Энэ үгээрээ миний бие тэднийг үл тоосонгүй. Учир нь утга зохиолыг үндэслэгч хүмүүний хүчинд л ардын уран зохиолчид маань өдий зэрэгтэй яваа юм гэдгийг л онцлохыг хичээв.  

Гэтэл өнөөдөр Аягын ам дахь түүний гэрийн буурь дээр Багануур дүүргийн уурхайн ахмад ажилчдын бүтээсэн галын дөлтэй хөшөө л байдаг. Тодруулбал, уг хөшөөг “Багануур” ХХК-ийн эвлэлийн хорооны дарга Д.Даваасумъяа санаачилж, тус уурхайн гагнуурчин Г.Дамдин агсан, яруу найрагч Н.Цагаанхүү нар 1980 оны сүүлчээр бүтээж, төсөв хөрөнгийг нь “Багануур” ХХК-аас гаргасан байдаг. Эл бүтээлийг “Их Нацагийн гэрийн буурийг очиж үзье” гэсэн хүн болгон өнөөдрийг хүртэл нар зөв тойрчихоод буцдаг. Зарим нь “Үүнээс өөр харах юм байхгүй юм уу” гээд гомдлох нь их. Зарим нь Гүн нуурыг зүглэж, хун харчихаад буцдаг юм билээ. Гэхдээ хэдхэн хүний сэтгэл нийлсэн тийм бүтээл байгаа нь их юм.

Уг нь улс даяараа үүнд анхаарч, нэг сайхан цогцолбор бий болгосон ч яадаг юм. Дээр хэлсэнчлэн Д.Нацагдорж бол бидний хайрлан энхрийлдэг ардын уран зохиолчийн дайны хүмүүн биш билээ. Тэр бол Монголын утга зохиолыг үндэслэж, давтагдашгүй бүтээлээ эх орондоо үлдээгээд “буцсан” суутан юм.

Хаа сайгүй хэрэггүй шахуу босгосон олон арван хөшөөнийхөө төсвийг хуримтлуулж байгаад ганц сайхан цогцолбор их Нацагтаа зориулчихвал сайханхан.

Тэгвэл “Монгол орон аялал жуулчлалаараа тэдэн ч төгрөг олно” гээд цээжний хонжоо хийгээд байгаа улс төрчдөд арай л бодитой тоо гарна даа. Гадаад, дотоодын иргэд хаа холоос зорьж оччихоод ганцхан хөшөө хараад буцахдаа урам нь хугаралгүй яадаг юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ныхон Д.Нацагдорж байтугай алдартандаа тусгайлан цэцэрлэгт хүрээлэн босгосон байдаг юм билээ. Тийшээ зүглэх зам гэдэг нь зүгээр л шил.

“За яах вэ, хөрөнгөтэй улс ийм юм хийлгүй яадаг юм” гэж өөрсдийгөө өмөөрөх байх л даа. Гэхдээ сэтгэл гаргаад товхийсон “юм” байгуулчихвал мөнх юм даа. Баяндэлгэрчүүд “Сайхан хөшөө, цогцолбор бүтээх юмсан” гээд л санаа алдаад байдаг. Санхүүгээр “тушигдчихдаг” болохоор санаа алдахаас цааш салхигүй гэгчээр болоод мартагддаг. Үүнийг зөвхөн аймаг, сум нь хийх ёстой гэдэг утгаар ойлгомооргүй байна. Их Нацаг бол шинэ үеийн их утга зохиолыг Монголдоо тарьсан хэдхэн буятны нэг. Өнөөдөр бид утга зохиолд хайртай байгаагийн эх үүсвэр түүнээс л улбаатай. Тэгэхээр улсын хэмжээнд үүнд анхаарч, нэг сайхан цогцолбор бүтээе тэгэх үү !!!

16 жилийн өмнө буюу 100 жилийнх нь ойгоор Монголын өмнөө барьдаг зохиолчид Улаанбаатар хотоос нэг том автобус түрээслээд гэрийн буурь дээр нь ирж байсныг санаж байна. Тэд хотод ч тэгж олноороо цуглаж байгаагүй хэрнээ их Нацагаа хүндэтгээд 100 гаруй км туулаад очиж байсан билээ. Өнөөдөр зарим нь жам ёсоор тэнгэр болж дээ. Тухайн үед тэд мөн л ийм юм яриад л явж байсан тул нэхэн дурсав.

Д.Нацагдоржоо хүндэтгээд, агуу бүтээлүүдийг нь залгамжлах нэг том үүсгэвэр бол Баяндэлгэр сумаас зүүн тийш 24 км, Аяга болон гүн нуураас зүүн хойшоо тавхан км-т орших гэрийнх нь буурь дээр өнө удаан жил сүндэрлэх гэрэлт цогцолбор байгуулья. Түүнээс биш одоо болтол "Их зохиолчийн нутгийн хүн гэж Баяндэлгэр, Багануурчууд нь онгироод, Монгол оронд орчин цагийн утга зохиолыг үндэслэсэн гавьяатай нэгэн бол Д.Нацагдорж минь юм шүү" гэж зохиолчид маань, МЗЭ-ийн хороо ч хоосон хийрхэхээ больё. 

Хэрвээ нэг сайхан цогцолбор бүрэн хэмжээнд байгуулчихвал алдарт “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоос эхлээд оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмыг ч зохион байгуулж болж байна. Наанадаж ажлын байр нэмэгдээд хэдэн өрх айлын ч болтугай амьжиргаа тодорхой хэмжээгээр дээшилнэ шүү.

Энэ санааг минь төрийн түшээдэд хүртэл хүргэж өгөхийг уншигч та бүхэн минь ч болгооно уу.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дашдоржийн Нацагдорж бол бидний хайрлан энхрийлдэг ардын уран зохиолч дайны хүн ч биш ...   
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй