
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.
Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв.
Тэгвэл өнөөдөр "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байрыг буулгах ажлыг эхлүүллээ.
"Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр"-ийн дарга Ц.Болд "Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу бид тус барилгыг 30 хоногийн хугацаанд буулгахаар ажиллаж байна. Өндөр барилга буулгах гэж байгаа учраас ойр орчмын явган зорчигч болоод автомашины аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа, саравч хийсэн. Эхний ээлжид гараар цэвэрлэгээ хийгээд 13 дугаар давхрын каркасыг буулгасны дараа жижиг механизм оруулж, бетоныг хөрөөдөх, арматур жижиглэж хуваах ажил хийнэ. Үүний дараа 70 тоннын кранаар барилгын бүтээц ханыг буулгах юм. Уг барилгын дэргэд сургууль байгаа учир их эрсдэлтэй. Мөн Хаан банк зэрэг аж ахуйн нэгжүүд барилгын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллана. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдийг тоос шороо болон барилгын хатуу хог хаягдлаас хамгаалах ажил хийнэ. Бидний хувьд өмнө нь “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төв, “S outlet” зэргийг буулгаж байсан туршлагатай” гэдгийг онцоллоо.
Дэлбэрэлтэд өртсөн барилгыг буулгах зардал 2.4 тэрбум төгрөг бөгөөд буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс энэ хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
Түүнчлэн оршин суугчдын өнөөг хүртэл байр түрээсэлж буй зардлыг нийслэлээс гаргаж байгаа бөгөөд цаашид ч үүнийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ | ||
Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.