Шууд Chart

Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ

2022-11-23 16:33:13

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар өнөөдөр Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь салбар юм. Товчхондоо газартай холбогдохгүй харилцаа, салбар гэж үгүй.

Газрын тухай хуулийг 2002 онд 64 зүйлтэйгээр баталсан цагаас хойш бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан.

Гэвч өнөөгийн нөхцөл байдалд газрын хууль нь хүчин төгөлдөр мөрдөж буй 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний акттай зэрэгцэн үйлчилж байгаагаас 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүсч, эрх зүйн зохицуулалтгүй ойлгомжгүй байдлууд бий болоод байна. Иймээс хуулийг боловсронгуй болгох замаар эрх зүйн оновчтой зохицуулалтыг бий болгож, газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Тус төслөөр газартай холбоотой, зохицуулалт шаардсан бүхий л харилцааг шийдвэрлэх боломжтой юм.

Газрын багц хуулийг шинэчилснээр дараах үр дүнгүүд гарна.

ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАР...

Монгол Улсын газрын сан нэгдмэл байх зарчим хэрэгжинэ;
Газрын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, бүртгэлтэй болно;
Газар зохион байгуулалтын төлөвлөлт, кадастрын бүртгэлээр салбар дундын зохицуулалт хангагдана;
Иргэд газрыг төлөвлөлтийн шатнаас эхлээд хүсэлтээ гаргах, шийдвэрлэлтийн явц хүртэл хянах, гэрээ байгуулах, гэрчилгээ авахад оролцох, олгох үйл ажиллагаагаа цахимжиж, ил тод, нээлттэй, хяналттай болно;
Иргэний хуулийн суурь зарчимтай нийцүүлэн газрыг зориулалтаас хамааруулан газрын узуфрукт болон барилга байгууламж барих эрхтэй болно,
Газрын маргааныг түргэн шуурхай шийдвэрлэдэг болно;
Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газар, түүний зориулалтыг тодорхой зааглаж, иргэд, олон нийтэд нээлттэй болгоно;
Газрын биржтэй болно;
Монгол Улсын газар нутгийн төлөв байдал, чанарт тавих хяналт, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоо бий болно.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР...

Газрыг зөвхөн хот, тосгон бусад суурины газарт, эрчим хүч, зам, шугам сүлжээ зэрэг инженерийн дэд бүтцэд холбогдсон эсвэл холбогдохоор төлөвлөгдсөн газарт өмчлүүлнэ;
Иргэн бүр газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ хугацааны хязгаарлалтгүй эдэлнэ;
Насанд хүрээгүй иргэний газрыг эцэг, эх асран хамгаалагч захиран зарцуулах эрхгүй болно;
Иргэний шинээр газар өмчлөх хүсэлтийг 90 хоногт шийддэг байсан бол 30 хоногт багтаан цахимаар шийдвэрлэнэ;
Газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлтэй болно;
Монгол Улсын иргэн өмчийн газраа иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хэрэгцээнээс бусад зөвшөөрөгдөх зориулалт буюу ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ-ний зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд шилжүүлж болно.

ТӨЛБӨРИЙН ХУУЛИАР...

Бүх ангиллын газрын төлбөр тооцох хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно;
Газрын хязгаарлагдмал эрх, ашиглах гэрээ хоёр ба түүнээс дээш этгээд дээр бүртгэгдсэн тохиолдолд газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээд тодорхой боллоо;
Уул уурхайн зориулалтаар ашиглаж буй газрын ашиглалт явуулж байгаа хэсэгт газрын төлбөр тооцохдоо тухайн орон нутгийн хот, тосгон бусад суурины газрын ХАА-с бусад үйлдвэрлэлийн ангиллын бүсэд хамааруулан тооцно;
Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь:
• Газрын суурь үнэлгээ
• Газрын үнэлгээний тойрог
• Зэрэглэл
• Бүс
• Газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр
• Төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдвөл тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 15 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ;
Газрын төлбөр ногдуулалттай холбоотой гарсан маргааныг Газрын ерөнхий хуульд заасан Маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэнэ;
Монгол Улсын иргэнийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрын төлбөрөөс 100% чөлөөлнө.

КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛИАР...

Кадастрыг эрхийн кадастр, санхүүгийн кадастр, нөөцийн кадастр гэж төрөлжүүлэн, үйл ажиллагааг нарийвчилж, дэс дараалсан арга хэмжээг зохицуулна;
Кадастрын хэмжилт зураглал, бүртгэлийн үе шатуудыг нарийвчлан тодорхойлж, газрын эрхийг 18 төрөл, үйл ажиллагааг гүйцэтгэхэд 11 дэс дараалсан арга хэмжээг гүйцэтгэхээр тусгав;
Олон улсын стандартад нийцсэн Гурав болон дөрвөн /3D, 4D/ хэмжээст кадастрын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах боломжтой болов;
Кадастрын үйл ажиллагааг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүрэгт газрын хэлтэс, суманд газар зохион байгуулагч тус тус эрхэлнэ.

НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИАР...

Нийгмийн зайлшгүй хэрэгцээ болох цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам, шугам сүлжээ гэх мэт инженер, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж байгуулах газрыг Газар чөлөөлөлтөд өртөж буй иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр чөлөөлж, иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: БХБЯ


Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй