Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, Япон улсад төрийн айлчлал хийнэ

2022-11-25 08:15:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Дараа нь тэрбээр Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана.

Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой.  Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, Япон улсад төрийн айлчлал хийнэ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй