Шууд Chart

УИХ дахь намын бүлгүүд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа

2022-11-25 19:31:32

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Кадастрын үйл ажиллагааг нарийвчлан боловсронгуй болгох, гурав болон дөрвөн хэмжээст кадастрын системийг бий болгох, олон улсын жишигт нийцүүлэн олон зориулалтат кадастрыг хөгжүүлэх, иргэн, хуулийн этгээдийг газрын харилцаатай холбоотой үйлчилгээгээр хүртээмжтэй хангах, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хэрэгцээ, шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулсныг тодотгосон.

Мөн “кадастр” гэдэг нь нэгж талбар, түүний дэд талбар, хил зааг, байршил, хаяг, тухайн нэгж талбартай холбоотой эрх, эрхийн хязгаарлалт, зураглал, үнэлгээ, татвар, төлбөр, шинж чанар, төлөв байдал, нөөц, нөөцийн чадавхийг агуулсан мэдээлэл бүхий олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйл ажиллагаа байхаар хуулийн төслийг боловсруулсан гэв.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан Газрын нэгдмэл санг газар ашиглалтын зориулалтаар нь нарийвчлан тооллого хийж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог байгуулах шаардлагатай тул кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн Газартай холбоотой өргөдлийг хүлээж авахаас эхлээд, түүнийг судлах, зураглах, эрхийг бүртгэж, баталгаажуулах хүртэлх кадастрын дэс дараалсан үйл ажиллагаа болон оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан хуульчлаагүйгээс иргэдийн өргөдөл, хүсэлт шийдвэрлэгдэхгүй байх, газрыг давхардуулан олгох, үйл ажиллагааны дараалал алдагдах, зарим үйл ажиллагааг орхигдуулах зэргээс болж иргэд хохирох тохиолдол гарч байгаа тул кадастрын дэс дараалсан үйл ажиллагааг хуульчилж тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын хэмжээний кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан дундын мэдээллийн санг байгуулах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг газартай холбоотой мэдээллээр тухай бүр хангах, кадастрын зураглалын ажил болон хээрийн судалгааны ажлыг нэгдсэн системд оруулах, баталгаажсан кадастрын зургийн зохицуулалтын талаар тодорхой тусгасан. Мөн газрын маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, газрын кадастрын мэдээллийн сангийн хяналтын талаар шаардлагатай зохицуулалтууд болон  мэдээллийн санд санаатай болон санаандгүй өөрчлөлт оруулсан, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд тооцох хариуцлагын арга хэмжээг тодорхой тусгаж өгсөн.  Газрын үнэлгээтэй холбоотой нэр томьёог бусад хууль тогтоомж, олон улсын стандарттай нийцүүлэх, газрын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон газрын үнэлгээний тогтолцоог бий болгох боломжийг хуулийн төсөлд нэг бүлэг болгон орууллаа. Хуулийн төслөөр дундын мэдээллийн сангаар дамжуулан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгэхэд нэгж талбарын цахим хувийн хэргийн иж бүрдэл, шийдвэрлэх хугацаа болон харилцан мэдээлэл солилцох, дугаар олгох үйл ажиллагааг зохицуулах заалтуудыг  тусгасныг төслийн танилцуулгад дурдсан байлаа.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар кадастрын мэдээллийн нэгдсэн сантай болох, иргэдийн газрын эдийн засгийн өгөөж, үнэ цэнийн ойлголт үнэлэмжийг нэмэгдүүлэн, газрын зах зээлийн үнэд тулгуурлан төлбөр, татварын хэмжээг бодит байдалд нийцүүлэн тогтоох, цахим бүртгэлийн үйлчилгээг кадастрт нэвтрүүлэх, нэгдсэн бүртгэлтэй болсноор улсын хэмжээний статистик тоо мэдээ бодитой, үнэн зөв гарч, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг болсноор давхардал, хийдэл гарахгүй гэж хууль санаачлагч үзсэнийг онцолж байлаа.

Мөн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар санал, дүгнэлтдээ дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Ганбаатар, Э.Батшугар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Ш.Адьшаа, Н.Ганибал, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, төслийг хэлэлцэхийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв.  

Гишүүдийн  зүгээс Барилга, хот байгуулалтын яамнаас орон нутгийн хилийн цэс, кадастрын маргааныг цэгцлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хаягжуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар илүүтэй тодруулж байлаа.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, “Орон нутгийн хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдэх хүрээнд Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 20 жилийн өмнө тогтоосон газар зүйн нэрийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зүйн нэртэй холбоотой асуудлыг нэг мөр шийдсэн тогтоол, шийдвэрүүдийг ирүүлж байна. Ажлын явц 50 хувьтай байгаа бөгөөд энэ асуудал бүрэн шийдэгдэхээр Засгийн газраас хилийн цэсийн маргаантай асуудал, газар зүйн нэрийг цэгцэлсэн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаж, хэрэгжихээс өмнө орон нутгийн хилийн цэс, газар зүйн нэртэй холбоотой маргаантай асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ” хэмээн хариулсан. Мөн тэрбээр, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сараас хаягийн шинэ системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын хаяг олон улсын стандартын дагуу шинэчлэгдэж, олгоход бэлэн болсон гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл чухал, хариуцлагатай хандах асуудал гэдгийг тодотгоод энэ асуудалд бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Иймд УИХ-ын даргын зүгээс ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганибал нар тус тус танилцуулсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг 5, хамгийн сүүлд 10 жилээр сунгасаныг онцлов.

Мөн газар өмчлөлийн мэдээнээс харахад хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авсан бол, хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 19.8 хувь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажлыг хугацаанд баригдалгүй, оновчтой, нэгдсэн төлөвлөлт, бүртгэлтэйгээр зохион байгуулж, улмаар өмчилсөний дараа газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт, насанд хүрээгүй иргэний өмчийн газрыг түүний хууль ёсны төлөөлөгч нь захиран зарцуулах, барьцаалах зэргээр өмчийн эрхэд нь халдаж байгааг хязгаарлах, мөн газрын улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн уялдааг сайжруулах, асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг Засгийн газраас баталсаны дараа уг төлөвлөгөөг үндэслэн аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжпийн төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргадаг байх, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний бүсчлэлийн шаардлага, дүрэмд нийцүүлэн өмчийн газар дээрээ жижиг үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх зохицуулалт шаардлагатай байна гэж байлаа.

Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнийг Хурлын гишүүн Н.Ганибал санал, дүгнэлтдээ дурдахын зэрэгцээ хуулийн төсөл батлагдсанаар иргэнд тариалангийн болон аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэхгүй, харин газрын нэгдмэл сангийн хот тосгон, бусад суурины ангилалд хамаарах газарт өмчлүүлэх, уг шийдвэрийг Засаг дарга бус аймаг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, өөрийн хамаарах нутаг дэвсгэрт газар олголтыг зохион байгуулснаар шат дамжлага багасаж, газрын улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага хоорондын уялдаа, холбоо хангагдаж, иргэдэд түргэн шуурхай  үйлчлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэнийг онцолж байлаа.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал, Ж.Батжаргал, О.Цогтгэрэл, нар  асуулт асууж, санал хэллээ.

Гишүүдийн зүгээс иргэний өмчлөлийн газар дээр бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлд газрыг  хэрхэн чөлөөлөх болон нөхөн олговор олгох эсэх, өндөр настан нас барсан тохиолдолд өмчлөлийн газрыг хэрхэн шилжүүлэх талаар илүүтэй лавлаж байв.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, иргэний өмчилсөн газар дээр тодорхой төсөл, арга хэмжээний хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийх тохиолдолд иргэний өмчилсөн газрыг зохих өртөг, төлбөрийг нь өгч чөлөөлнө. Түүнчлэн өмчилсөн газраа өөр зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрэмд нийцүүлэн ашиглах боломжийг нээж өгсөн гэдгийг тодотгов. Мөн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолд бүх газрыг бүсчилэн, үнэлгээ тогтоосон. Тухайлбал, нийслэлийн газар 16 зэрэглэлтэй бөгөөд 18-818 сая хүртэлх төгрөгийн үнэлгээг гаргасан байдаг. Үүнийг харгалзахын зэрэгцээ зах зээлийн үнэ, цаашлаад уг газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх зэрэг үнэлгээний системээр тухайн газрын үнэлгээг тогтоож, харилцан тохиролцсоны үндсэн дээр Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулиар газар чөлөөлөх зохицуулалтыг тусгасан” гэсэн нэмэлт тайлбарыг өглөө. Мөн тэрбээр, “Ахмад настан нас барсан тохиолдолд өмчлөлийн газар нь иргэний хуулийн дагуу өв залгамжлал, бусад зохицуулалтаар шийдвэрлэгдэнэ” хэмээн хариулав.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хариуцлагатай хандаж, олон талаас нь ярилцах нь чухал гэдгийг тодотгоод тус бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Хуралдаан даргалагчаас Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлэгт дөрөв хоногийн завсарлага өгөв.

Хуралдааны төгсгөлд Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд нар тус тус танилцуулав.

Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаатай уялдуулан улсын тусгай бол нийгмийн зайлшгүй хэрэгжсэн ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн эзэмшил, ашиглалт байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байгааг сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийн танилцуулгад, газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасныг дурджээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн гэдгийг УИХ-ын гишүүн Г.Ганболд санал, дүгнэлтдээ онцлоод төсөл батлагдсанаар газар чөлөөлөх үндэслэл, шаардлага, газар чөлөөлөх харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, нийтийн эрх ашгийг хангахад чиглэсэн аливаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр үйл ажиллагаа саадгүй хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн гэв.

Мөн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж байлаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл  нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нийгмийн хэрэгцээ, шаардлага гэдэг үүднээс газрыг хэт замбараагүй олгох асуудал үүсэх вий хэмээн болгоомжилж байсан бол  УИХ-ын гишүүн Г.Ганболд үл хөдлөхийн татвар, бүртгэл, газрын үнэлгээний асуудлаа цэгцэлж, газар олголтын асуудлаа түр зогсоож, тодорхой хугацааны  дараа хуулийн төслийг хэлэлцэх байсан гэсэн байр суурьтай байлаа. Мөн тэрбээр нийгмийн хэрэгцээ шаардлага гэдгийг хоёр хуваах саналтай байв. Тухайлбал, нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэх хүрээнд уулзваруудыг чөлөөлөх, бүтээн байгуулалтын арга хэмжээг авах зэрэг нийгмийн нэн тулгамдсан хэрэгцээтэй асуудалд төрийн хатуу шаардлага тавьж хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ардчилсан нийгмийн тулгуур багана нь хүний эрх, хувийн өмч, шударга шүүх байдаг. Хувийн өмчийг хуулиар далайлгаж  авах асуудалд нухацтай хандаж, олон талаас нь ярилцах шаардлагатай гэдгийг онцлоод тус бүлгийн зүгээс завсарлага авахаа мэдэгдэв.

Хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу дөрөв хоногийн завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан өндөрлөв  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


УИХ дахь намын бүлгүүд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй