Шууд Chart

16 настай сурагчид иргэний андгай өргөв

2022-11-27 13:01:31

Монгол улс тунхагласны 98 жилийн ойн өдөр Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” болж 800 гаруй хүүхэд оролцов. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор тус улсад мөн зохион байгуулжээ.

Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг  дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.

Үе тэнгийнхнээ төлөөлж  нийслэлийн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн сурагч Ш.Номинжин, "Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагч Ө.Анхбаяр нар үндэсний бичгээ эрхэмлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үеийнхэндээ уриаллаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


16 настай сурагчид иргэний андгай өргөв  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй