Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

2022-11-29 09:02:23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Токио хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана.

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна  
Үзсэн: 1969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-29 17:07
amjilt huse

Бидэнтэй нэгдээрэй